Япончуудын 75 хувь нь шинэ Засгийн газрыг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-21 09:56:31

ТОКИО. /Yomiuri/. Япончуудын 75 хувь нь 9 дүгээр сарын 16-нд эмхлэн байгуулсан Сүга Ёшихидэ тэргүүтэй шинэ Засгийн газрыг эерэгээр үнэлж байгааг нийгмийн санал асуулгын дүн харуулжээ.


Санал асуулгад оролцогчдын 14 хувь нь сайд нарын танхим хийгээд түүний шинэ удирдлагыг дэмжихгүй байгаа аж. Үүнээс гадна санал асуулгад оролцогчдын 63 хувь нь Сүга Ёшихидэ өмнөх Ерөнхий сайд Абэ Шинзогийн бодлогыг үргэлжлүүлэхийг зорьж байгааг нь дэмжсэн бол 25 хувь нь энэ санааг эсэргүүцжээ.


Коронавирусний цар тахалтай тэмцэх явдал шинэ Засгийн газрын эн тэргүүний зорилт нь байх ёстой гэж судалгаанд оролцогчдын 34 хувь нь үзэж байгаа бол 23 хувь нь улс орны эдийн засгийг сэргээх асуудлыг чухалчлах ёстойг цохон тэмдэглэжээ.


Kyodo агентлагийн 9 дүгээр сарын 17-нд явуулсан ижил төрлийн санал асуулгад Сүгагийн Засгийн газрыг 66.4 хувь нь дэмжсэн бол 16.2 хувь нь эсэргүүцсэн байна.


Сүга Ёшихидэ эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар сонгогдсоноосоо хойш 2 хоногийн дараа Японы Ерөнхий сайд болсон юм. Абэ Шинзогийн Засгийн газарт тэрбээр сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг тууштай хашиж байсан нэгэн юм.  

Холбоотой мэдээ