Томуу, томуу төст өвчлөл нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-09-24 11:59:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 70.251 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 3013 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм.

Нийт өвчлөгсдийн 37.2 хувийг нэг нас хүртэлх, 30.5 хувийг 2-4 нас, 17.2 хувийг 5-9 нас, 4.9 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 643 дуудлага ирснээс 33.0 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1047 орон дээр 514 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 62 буюу 27.6 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон хүүхдүүд байна.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Холбоотой мэдээ