Дэлхийн улс орнуудын удирдагчид НҮБ-ыг дэмжиж байгаагаа илэрхийллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-09-25 13:07:56

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Дэлхийн улс орнуудын удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэх үеэрээ НҮБ-ыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь дэлхий дахинд тулгамдаж буй сорилт, аюул заналыг даван туулахад тус байгууллага ихээхэн ач холбогдолтой гэдгийг харууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ыг олон талын хамтын ажиллагааны "оновчтой бүтэц” гэдгийг онцлоод, тус байгууллагын дүрмийн үзэл санаан дор дэлхий улс орнууд нэгдэж, асуудал бэрхшээлийг яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны замаар шийдвэрлэх болсон нь агуу дэвшил юм хэмээн мэдэгджээ.


Мөн тэрбээр “COVID-19”-ийн баталгаатай вакцин гарах үед НҮБ болон түүний систем байгууллагууд хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд, уугуул иргэдэд тэгш хүртээмжтэйгээр түгээнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна гэв.


“НҮБ-ын тогтолцоо бол дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг зохицуулах “хамгийн чухал хэрэгсэл” юм” хэмээн Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков онцлоод, “COVID-19” цар тахал дэлхий нийт хэрхэн холбогдсоныг тодотгон харууллаа гэж хэлжээ. Манай улсад халдварын үзүүлэлтүүд ихээр нэмэгдэж байсан боловч НҮБ болон бусад олон улсын түншийн багагүй тусламжийн оролцоотойгоор халдварын тархалтыг хязгаарлаад байна гэж тэрбээр нэмж хэлжээ.


“Технологиор авч үзвэл НҮБ бол дэлхийн “программ хангамж” юм. Тус байгууллага үүсгэн байгуулагдсанаасаа хойш олон ноцтой доголдлоос дэлхий дахиныг аварсан” гэж Украины төрийн тэргүүн Владимир Зеленский онцолсон байна.


Афганистаны Ерөнхийлөгч Мухамед Ашраф Ганигийн хувьд одоо тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд олон улс НҮБ-ын үндсэн зарчмуудыг баримтлах ёстой гэж хэлжээ. “Хүний эрхийн тухай баримт бичгүүдэд тусгасан үнэт зүйлсийг хэрэгжихийн аргагүй зорилго, эрмэлзэл гэж үзэх ёсгүй, харин ч биелүүлэх ёстой. Энх тайван, нэр төр, шударга ёс, эрх чөлөөний тухай үүрэг амлалтуудад хүрэх нь урьд байгаагүй хамтын ажиллагаа, бодит шийдлийг авчрахын сацуу НҮБ-д зорилгуудаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ” гэж тэрбээр хэлэв.


“НҮБ бол дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлыг цогцлооход зайлшгүй шаардлагатай байгууллага юм. Бид НҮБ-ын зорилгуудад хүрэхийн тулд хамтын ажиллагааг улам бэхжүүлэх хэрэгтэй. Ингэснээр бид улам хүчирхэгжинэ” гэж Швейцарын Ерөнхийлөгч Симонетта Соммаруга мэдэгджээ.


Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичийн хувьд “COVID-19” цар тахал НҮБ-ын байр суурийг улам бэхжүүлэх шаардлагатай гэдгийг батлан харуулж байна гэв. Мөн нягт хамтран ажиллаж, байр сууриа уялдуулж, харилцан хүндэтгэснээр цар тахлыг эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг олж чадна гэж нэмж хэлсэн байна.


“НҮБ нь энх тайвныг тогтоох, зөрчлийг зохицуулах, дайнаас сэргийлэх, улс орнууд хоорондын маргааныг шийдвэрлэхэд хамгийн ач холбогдолтой форум өнөөдөр ч хэвээр байна” Либерийн Ерөнхийлөгч Жорж Веа мэдэгджээ. 

Холбоотой мэдээ