“Миний хөөрхөн шүдний аялал” хүүхдийн жүжгийг нээв

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-09-26 12:35:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхдийн жүжиг өчигдөр нээлтээ хийлээ.


Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Гүүд Нэйборс хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн Олон улсын ТББ хамтран 4-13 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, улмаар тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Миний хөөрхөн шүдний аялал” төслийг хэрэгжүүлж байгаа юм.

 

Төслийн хүрээнд зорилтот насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон нэг жүжгийн уран бүтээл, телевизийн 20 ангит хүүхдийн нэвтрүүлэг, цахим болон хэвлэмэл комик номыг бүтээж байна.


Нээлтийн үеэр Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Жу Сүн Хён, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг нар урлагаар дамжуулан Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудад гоо зүй болон амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг олгож буй шинэлэг төсөл болж буйг онцлов. Мөн төслийн хүрээнд бүтээж буй хоёр контент буюу 20 ангит телевизийн нэвтрүүлэг, цахим болон хэвлэмэл комик ном нь хүүхэд багачууд төдийгүй эцэг эхчүүдэд хүлээлт үүсгэсэн уран бүтээлүүд байх болно гэдгийг мөн тодотгосон юм.


“Миний хөөрхөн шүдний аялал” төслийн хүрээнд бүтээх уран бүтээлүүдийн зохиолчоор Н.Мандал ажилласан бол найруулагчаар Улсын Хүүхэлдэйн театрын ерөнхий найруулагч М. Ариунтуяа, зураачаар 2019 оны тайз дэлгэцийн шилдэг зураач Мөнгөн мод шагналт С.Энх-Од нар ажиллажээ.

 


Холбоотой мэдээ