Дэлхийн банк 160 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-29 14:33:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хүн амын дундах эмзэг бүлгийнхнийг хамгаалах, хүмүүн капиталыг хөгжүүлэх, аж ахуйн нэгжийг дэмжих, эдийн засгийн сэргэлтийг тэтгэхээр Дэлхийн Банкнаас 100 гаруй оронд 160 тэрбум ам.долларын санхүүгийн тусламжийг дараагийн 15 сарын хугацаанд үзүүлнэ. Үүнд олон улсын хөгжлийн ассоциацийн шинэ эх үүсвэр болох 50 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, нэн хөнгөлөлттэй зээлүүд ч хамаарах аж.

Цар тахлын нөлөө эмзэг бүлгийн хүмүүст хүндээр тусаад зогсохгүй ядуусын эгнээг тэлж, бүс нутагт түүхэнд байгаагүй сорилтууд үүсэж, Засгийн газрууд бодлогын хүнд сонголттой тулгарч байгааг Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Викториа Кваква өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр онлайнаар холбогдохдоо хэлэв.

Өргөн хүрээтэй, олон чиглэл хамарсан бодлого хэрэгжүүлэхгүй бол цар тахал бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дараагийн 10 жилийн турш жил бүр нэг нэгж хувиар бууруулж болзошгүйг Дэлхийн Банкны “Хорио цээрээс сэргэлт рүү” тайланд анхааруулжээ. Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг тэр бүр авч чаддаггүй, орлого бага, ажилгүй, ядуу айл өрх хамгийн хүнд байдалд орох эрсдэлтэй байгаа аж.

“Бүс нутгийн олон орон цар тахлыг амжилттай тогтоон барьж, иргэддээ дэмжлэг үзүүлэхэд ахицтай ажиллаж байгаа ч эдийн засгаа сэргээж, өсөлтийн замд оруулахад бэрхшээл байгаа”-г Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ерөнхий эдийн засагч Аадитя Маттоо хэллээ. Тэрбээр, эн тэргүүнд татварын суурийг тэлснээр улсын хөрөнгө оруулалтыг бууруулахгүй байх, зарим хязгаарлалттай үйлчилгээний салбарын реформоор дамжуулан цахим технологийн үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарахыг зөвлөлөө. 

Холбоотой мэдээ