Нэг жилийн хугацаанд ургамлын гаралтай 183.5 мянган тонн бүтээгдэхүүн экспортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-24 15:43:15

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Манай улс өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-нээс хойш нэг жил нэг сарын хугацаанд  ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээ 183.5 мянган тоннд хүрчээ.


Үүнээс 86 хувийг БНХАУ руу гаргасан байна. Нийт экспортын 75 хувийг таримал ургамал, ургамлын гаралтай, 24 хувийг боловсруулсан бүтээгдэхүүн эзэлсэн бол модон материал нэг хувь байгаа юм. Таримал бүтээгдэхүүний экспортын дийлэнхийг рапс, тэжээлийн хивэг, өвс бүрдүүлжээ. Гол нэр төрлийн таримал ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс дурдвал рапс 100.8 мянган тонн, тэжээлийн өвс 23.7 мянган тонн, хивэг 27.9 мянган тонн, төмс 10.8 мянган тонныг экспортлосон байна. Мөн чацаргана болон луувангийн шүүс, хушны самар зэрэг бүтээгдэхүүнүүд бага хэмжээгээр гарчээ. Эдгээр үзүүлэлт нь ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт тогтмол өсөлттэй, зах зээлийн төвлөрөл өндөр хэвээр байгааг албаныхан онцоллоо.


Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын эрчимтэй өсөлт нь газар тариалангийн салбарт шинэ боломж, сэргэлт болж байна. Тухайлбал, тариаланчдын сэлгээний таримлын сонголтыг өргөжүүлж, хөрсний үржил шимийг дэмжин, ургацын өгөөжийг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж буй юм. Ингэснээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж дээшилж, эдийн засгийн үр ашиг улам нэмэгдэн, салбарын тогтвортой өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулна.




Холбоотой мэдээ