Ц.Шаравжамц:Энэ дөрвөн жил спортын салбарын алтан үе байх болно

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2021-01-21 16:07:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамцтай  ярилцлаа

           

    Тамирчин байхын жаргал зовлон хийгээд дусал хөлсний үнэ цэнийг биеэрээ мэдэрсэн он жилүүд өөрт чинь бий. Тийм хүн өнөөдөр хөлсөө дуслуулан байж амжилтад хүрдэг, бэртэл гэмтэл авсан ч үл шантран Монголынхоо нэрийг тив, дэлхийд гаргадаг тамирчдынхаа төлөө бодлого зорилтыг нь тодорхойлдог, дэмждэг байгууллагыг удирдаад одоо тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Дасгалжуулагчаас удирдагч болох ямар байсан бэ?


    Маш их хариуцлага ирж байна гэдгийг ойлгосон учраас анх энэ ажлыг аваад жаахан айсан. Өөрөө тамирчин байсан хүн тэднийхээ төлөө маш ихийг хийх боломж байна гэдгийг мэдрээд бас баярласан. Төлөвлөсөн зүйлээ хийж амжих болов уу гэсэн болгоомжлол, эмээх зүйл байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийг эргээд харахад ямар ч байсан дотроо төлөвлөөд хийх гэж бодсон ажлуудаа бүгдийг гүйцээж амжсан байна. Хамгийн гол нь тамирчид, дасгалжуулагчийнхаа цалинг нэмэх зорилго байсан. Үүнийг өнгөрсөн хавар хийж, цалинг нь нэмсэн. Спортын бодлого зорилгыг тодорхойлох хуулиа өөрчлүүлэх гэж нэлээд зүтгэсэн. Хуулиа өөрчлүүлээд авсан. Хууль эрх зүйн талаасаа спортын салбар бүрэн шинэчлэгдсэн гэсэн үг. Бидний хувьд 2020 оны Олимпод нэлээд анхаарлаа хандуулсан ч, цар тахлын улмаас хойшилчихсон нь харамсалтай. Гэхдээ үүнийг нэг жил илүү  бэлтгэл хийх боломж гэж хараад тамирчдаа маш их цугларалтад гаргасан. Хэдэн бор тамирчдаа бэлтгэлээ тараад орой харихаараа хоол унд, үр хүүхэд гээд ядарчих вий гэж санаа зовж, аль болох урт хугацаагаар бэлтгэл цугларалтад гаргаж, хооолтой, ундтай, тухтай байртай байлгах гэж хичээсээр бэлтгэл хийх боломжоор нэлээд хангаж ажиллалаа. Урьд үеийнхнээс 2-3 дахин илүү хугацаагаар цугларалтад гаргасан. Ийм маягаар тамирчдаа сайхан хурцалж байгаад хурц ирэн дээр нь Олимпод оруулна даа.


    Анх хариуцлагаа ухамсарлаад айдастай хүлээж авсан албан тушаалдаа туршлага суух хугацаа хэдийнэ өнгөрчээ. Энэ хугацаанд танай байгууллага статусаа өөрчилж, Биеийн тамир, спортын улсын хороо боллоо. Засгийн газрын энэ шийдвэртэй холбоотой сэтгэгдлээ хуваалцвал?


    Биеийн тамир, спортын улсын хороо болгох асуудал бол миний мөрөөдлүүдийн нэг байсан. Ингэж босоо удирдлагатай болж байж Монголын нийт нутаг дэвсгэрт, бүх иргэддээ спортын бодлого жигд хүрч ажиллах боломжтой байсан юм. Үүнийг нэлээд эрт 2016 онд ажил авхаасаа өмнө Ерөнхий сайд байсан хүнд санал болгож байсан. Энэ хүсэлт маань дөрвөн жилийн дараа биеллээ оллоо. 1990 онд Биеийн тамир, спортын үндэсний төв байсан энэ байгууллага 30 жилийн дараа БТСУХ болж, босоо удирдлагатай тохируулагч агентлаг болсон төдийгүй, Ерөнхий сайдынхаа шууд мэдэлд очиж байгаа хэрэг юм. Статусын хувьд ингэж өөрчлөгдсөн нь дахиад л өндөр хариуцлага дагуулна. Хүний хийсэн ажил нь өөрийнх нь өмнөөс ярьдаг гэж үздэг учраас өнгөрсөн хугацаанд би ганц ч ярилцлага өгөөгүй. Ажлаа хийгээд л яваад байсан. Түүнийхээ хүчинд юм уу, нэлээд зүйлийг амжуулсан байна. Их спорт нэгэн хэвдээ орчихсон шигшээ багтай, дасгалжуулагчтай ажиллаж байгаа. Ирэх жилүүдийн хувьд нийтийн эрүүл мэндэд анхаарал хандуулна гэж бодож байна. Нийтийн эрүүл мэндийн төлөө, яаж хөгжүүлж болох вэ гэдэг дээр хэд хэдэн төлөвлөгөө гаргачихсан байгаа. Ер нь Ерөнхий сайдын ивээл дор “Чийрэг монгол” гэсэн үндэсний, том хэмжээний хөтөлбөр бий болгоё гэж төлөвлөсөн байгаа.


    Нийтийн биеийн тамираас гадна олон нийтийн буюу массовый спортод дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулаад байна шүү дээ. Энэ чиг хандлага руу анхаарч хийхээр төлөвлөсөн зүйлс ч байна. Заримыг нь хийгээд эхэлчихсэн. Тухайлбал, Цэцэрлэгт хүрээлэн дээр үнэгүй фитнесс гээд залуучууд өглөө болгон 600-700 хүн цуглуулаад дасгал хийгээд байдаг шүү дээ. Тэр дүү нартай хамтарч ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд 21 аймаг, есөн дүүрэгт салбартай болохыг зорьж байна. Энэ өвөлжингөө багш нараа бэлтгэнэ. Тэгээд ирэх хавраас буюу  тавдугаар сарын 1-нээс 21 аймаг, есөн дүүрэгт салбартай болоод тэнд энэ дасгалуудыг нийтийг хамарч хийнэ гэсэн зорилготой байгаа. Ийм нийтийн дасгал хийснээр давуу талууд их байна. Тухайлбал, маш олон хүн хөдөлгөөн хийгээд турж байна, сахартай байсан хүмүүсийн сахарын хэмжээ эрс буурч байна, суурь өвчтэй хүмүүс эдгэрч байна. Жишээ нь, “Фитнесс ММ”-ийнхэн маань 100 гаруй кг жинтэй арав гаруй хүнийг тусгайлан авч өндөржүүлсэн бэлтгэл хийлгэсэн нь үр дүнгээ өгч сарын дотор 20 гаруй кг хаяж турж байна. 17-той байсан сахар нь 5 болох жишээтэй. Тулай өвчин нь эдгэрч байна. Ингээд бодохоор хөдөлгөөн гэдэг бол эрүүл мэнд юм байна. Хөдөлгөөн өөрөө эм юм байна. Хөдлөөд байх тусам хүний бие организм өөрөө өөрийгөө эдгээдэг юм байна гэдэг нь тодорхой болж байна шүү дээ. +100 кг-ын хоёр дахь ээлж удахгүй орж ирнэ. Үүнийг реалити шоу болгож, иргэддээ ойлгуулах шаардлагатай. Хөдөлгөөнөөр өөрийгөө эрүүлжүүлж болдог юм байна гэдгийг л хамгийн түрүүнд ойлгуулах хэрэгтэй байна. Бөөрний нэг эмч тэр хүмүүстэй нийлээд, өөрөө яг дасгалыг нь дагаж хийгээд, шинжилгээ судалгаа аваад явж байгаа. Эмчийн хувьд өөрөө 19 кг жин хаясан, удахгүй Японд докторын зэрэг хамгаалах гэж байгаа хүн. Энэ хөдөлгөөний талаар докторын зэрэг хамгаалах байх. Үүн дээр түшиглээд 21 аймаг, есөн дүүрэгтээ үнэгүй фитнессийн салбарыг бий болгоно. Урьд нь орон нутагт хүрч ажиллахад хүндрэлтэй байсан бол одоо босоо удирдлагатай болсон болохоор энэ асуудал шийдэгдсэн гэсэн үг. Нийт Монгол Улсын 330 сум, 150 хороонд биеийн тамир спортын арга зүйчтэй болох гэж төлөвлөж байгаа. Нэлээд олон арга хэмжээг нийлүүлээд “Чийрэг Монгол” гэсэн үндэсний томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.


    Олон жилийн өмнө нийтийн биеийн тамирт улсаас бодлогоор анхаарал хандуулж тэр хэрээр бүрэн утгаараа хөгжиж байсан удаатай. Харин зах зээлийн үед шигшээ багууд тараад юун нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхдээ тулж байсан үе ч бий. Түүнээс хойш спортын байгууллагын удирдлагууд улс төрийн намын томилгоог дагаж, дөрвөн жилийн мөчлөгөөр өөрчлөгддөг болсон гэлцдэг. Өөрийн тань томилгоонд ямар нэг хэлбэрээр улс төр орсон уу?

    

    Энд ирэхээсээ өмнө би Чингэлтэй дүүргийн БТСГ-ын дарга хийж байсан шүү дээ. Анхан шатнаас нь эхлэн ажиллаж, дарга хийгээд спортод юу дутагдаж байгаа талаар нэлээд мэдээлэл олоод авчихсан байсан. Анх 11 настай хүүхэд цүнхээ үүрээд Эрдэнэтээс Улаанбаатарт ирээд л спортын тогоонд гишгэсэн учраас энэ салбарыг хамгийн сайн мэддэг гэж өөрийгөө дүгнээд “Би энэ ажлыг хийж чадна. Хиймээр байна. Спорт, биеийн тамир хоёрыг Монголдоо илүү хөгжүүлэх боломж байна. Намайг ийш нь тавина уу” гэж өөрөө саналаа хэлж байж ирсэн.


    Сагсан бөмбөг бол багийн спорт. Зөвхөн хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах бокс, бөх биш. Багийн спортод манлайлах рольтой байсан багийн ахлагч хүн спортын байгууллага удирдахад арай дөхөм байж магад. Яагаад гэхээр байгууллага гэдэг нэгэн цогц ойлголт. Багийг удирдаж, цул болгож амжилтад хүрч байсан хүнд байгууллага аваад явах боломж нь илүү юм болов уу гэж хардаг. Үүнтэй санал нийлэх үү?


    Нийлэлгүй яахав. Олон жил багийн ахлагч хийсэн учраас хүмүүсийг яаж удирдах вэ, яаж бие биенээ хүндэлдэг болох вэ, яаж хөдөлгөх вэ, яаж багаар нь ажиллуулах вэ гэдгийн гаргалгааг хар багаасаа хийгээд ирсэн учраас энэ тал дээр надад асуудал гараагүй. Анх орж ирээд л ажилчдадаа “Бүгдээрээ нэг баг шүү. Тиймээс бие биетэйгээ ахан дүүс мэт сайхан харилцаатай байна шүү” гэж хэлсэн. Тэр хэмжээгээрээ ч өнгөрсөн хугацаанд манай байгууллагын хамт олон багаараа сайн ажилласан гэж үзэж байгаа. Цаашдаа ч энэ чанараа хадгалах байх. Тэгэхээр яалт ч үгүй багийн спортын давуу тал байгаа л даа.


УДАХГҮЙ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭ БАГТАЙ БОЛНО


    Манай спортынхон амжилт гаргахдаа, бэлтгэл хийхдээ монгол хүний ясанд, цусанд байдаг тэр шаргуу дайчин чанарыг хадгалж чаддаг учраас энэ жижигхэн орны тамирчид дэлхийн дайдад үнэлэгддэг байх гэж боддог. Гэхдээ хагарахаа хүрэхээр шууд л хагарч чаддаг сонин араншинтай ард түмэн. Энэ нь спортод хүртэл илэрдэг. Үндэсний бөхүүд хоёр холбоотой болоод шүүх цагдаадаа тулсан шиг танай сагсныхан бас хоёр холбоотой болоод нэлээд шуугиан тарьсан. Буудлагынхан бас бужигнуулаад амжсан. Чөлөөтийнхөн ч мөчөөгөө өгөөгүй, хэл ам татлаад авсан. Энэ бүхэн юунаас болоод байна вэ?


    Ер нь бол жижигхэн хувийн амбиц л байдаг юм билээ. Хэдхэн хүний хоорондын амбиц. Нэлээд холбоог хооронд нь эвтэйхэн эвлүүлээд авсан. Манай сагсныхны хувьд одоохондоо арай эвлэрээгүй байна. Монгол хүн нэг эвлээд авчих юм бол маш хурдан хөгждөг. Яваандаа гайгүй болох байх. Холбоодууд хоорондоо ярилцаад эвлэрэх байх гэж итгэж найдаж байгаа. Ер нь монгол хүний унаган араншинд байдаг шиг байгаа юм. Юу гэхээр тайван цаг үе болохоор уул уул руугаа, ам ам руугаа өгсөөд тараад алга болчихдог. Нэгдсэн нэг дайсантай болохоор нийлж нэгдээд дараад авдаг. Тэгэхээр хоорондоо ингэж толхилцох биш, хамт нийлээд гадагшаа тэмцэлдмээр байна. Түүнийг ойлгож чадах юм бол манайхны амжилт илүү өндөрт гарах боломжтой гэж үзэж байгаа.


    Нэгэнт спорт ярьсных энд нэг зүйлийг хэлье. Удахгүй өсвөр үе, залуучуудын шигшээ багтай болох гэж байгаа. Төлөвлөгөөнд оруулаад төлөвлөчихсөн. Одоо манай залуу үеийнхэн маань долоо хоногт 2-3 удаа секцэнд яваад байхад ийм мундаг тамирчид гарч ирээд байна шүү дээ. Тэгвэл өөрийн гэсэн сургуультай, дотуур байртай, хоолтой, долоо хоногийн долоон өдөр бэлтгэл хийгээд ирэхээр хэдхэн жилийн дараа Монголын тамирчид дийлдэхээ болино. Тийм учраас түүн лүү их спорт зорьж байгаа. Зөвхөн насанд хүрэгчдийн шигшээ багтай байхаар дороос гарч ирэх залгамж халаа нь тасраад байна. Тэгэхээр эхлээд залгамж халаагаа сайн бэлтгэх ёстой юм байна. Тэр олон жигд бэлтгэлтэй хүүхдүүд хоорондоо тэмцэлдэж байж жинхэнэ супер тамирчин гарч ирнэ гэж үзээд, өсвөр үе, залуучуудын шигшээ багтай болохоор төлөвлөөд явж байна.


    Улсын шигшээ багийг тараахад “Шигшээд шигшээд төрөөгүй аваргууд шигшээгүй болохоор төрөх болов уу” гэсэн нийтлэл бичиж байлаа. Түүнийг уншсан биеийн тамирын мэргэжилтэн утас цохиод “Санаа зоволтгүй. Аварга төрнө” гэж омогдож байсан удаатай. Гэхдээ шигшээ багийг тараасан тэр он жилүүдэд олимпийн аварга төрөөгүй л дээ. Харин одоо өнгөрсөнд дүгнэлт хийгээд өсвөрийн болон залуучуудын шигшээ багтай болох гэж байгааг чинь спортыг үндэс сууриар нь хөгжүүлэх бодлого гэж харж байна. Шуудхан асуухад 2021 оны олимпод шат ахих боломж харагдаж байгаа юу?


    2008 оноос хойш хоёр олимп дараалаад манайх алтан медаль авсангүй. Тиймээс алтан медаль авахын төлөө шаргуу ажиллаж байгаа. Аварга төрнө гэж найдаж байгаа. Сүүлийн үед манайх дэргэдээ Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний бие даасан төвтэй боллоо. Энэ төв маань манай шигшээ багийн тамирчдын бэлтгэлжилт, төлөвлөлт, эрүүл мэнд, хоол хүнс, сэтгэл зүй зэрэгт голлон анхаарч ажиллах юм. Ингэж шинжлэх ухаанчаар спорт руу хандаад ирэхээр амжилт нь илүү нэмэгдэнэ гэж бодож байгаа.


    Та бид хоёрын ярилцаад сууж байгаа энэ Спортын ордон бол үе үеийн тамирчдын хөлс, хүчээ шавхаж хөдөлмөрлөснийхөө үр шимийг үзэж, баярын нулимс, ялагдлын ухаарал аль алиныг нь өөртөө шингээсэн тийм үнэ цэнтэй газар. Тиймээс ч тэр үү, Буянт-Ухаад баригдсан шинэ спортын цогцолборыг зорихоос илүүтэй тэртээ 1958 онд баригдсан энэ Спортын ордондоо хүмүүс илүү элэгтэй байдаг. Тэгэхээр өргөтгөл нэмж барих ч юм уу, аль эсвэл энэ ордноо буулгаад шинээр орчин цагийн цогцолбор барина гэж төлөвлөсөн зүйл бий юү?


    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Спортын ордонг шинэчилж өгнө гэдгээ хэлсэн. Үүнийгээ нураагаад суурин дээр нь илүү том орчин үеийн хотхонтой болно. Уг нь цаашаа тэлж комплекс маягаар барьж болох ч ар талын газруудаа хэдийнэ алдчихсан. Нэг хэсгийг нь манай Х.Баянмөнх аварга, нөгөө хэсгийг нь Ж.Ганболд заан, үлдсэн хэсгийг нь Энх-Амгалан гишүүн гээд хүмүүс хуваагаад авчихсан. Ерөнхий сайд айлчлахдаа “Төрийнхөө алдсан газруудыг буцааж ав” гэдэг үүрэг даалгавар өгсөн. Нэгэнт ийм үүрэг даалгавар өгсөн болохоор буцааж авахын төлөө ажиллана даа. Газраа буцаагаад авчихвал чамгүй том талбай болох учраас комплексоор нь гоё юм хийнэ гэж төлөвлөөд л байж байна. Энэ жил манай биеийн тамир спортын салбарын 100 жилийн ой болно. Зуун жилийн ойгоо 1958 онд барьсан энэ ордондоо хийж үдээд л дараа жилээс нь шинэ цогцолбор барих ажилдаа орно гэж бодож байгаа шүү.


    Олонд танигдсан тамирчин байна гэдэг хэн хүнд оногдох хувь тавилан биш. Алдар хүндийн оргилд хөл тавьсан ч алдаж эндсэн нь цөөн биш. Зөвхөн тамирчнаар овоглогдож яваад амьдралд гээгдээд хоцорсон хүмүүс ч байдаг.  Бэртэл гэмтэл аваад насаараа хохирсон нь ч бий. Ер нь тамирчдад зориулсан ямар нэг бодлого, төлөвлөсөн зүйл байна уу?


    Нэг харамсалтай зүйл нь зарим тамирчин ид барилдаж байх үедээ бэлтгэл сургууль гэж явсаар байгаад сургуульд сураагүй өнгөрчихсөн байдаг. Түрүүчийн миний хэлдэг өсвөр үе, залуучуудын шигшээ багтай болно гэдэг чинь цаанаа учиртай. Юуны өмнө тэднийгээ мэргэжилтэй болгох асуудал байгаа юм. Үүнд спортын бариа засал, массажист гээд.  Залуучуудын шигшээ багийнхан маань дээд сургуульд сурна. Дээд сургуульд сураад багш-дасгалжуулагч мэргэжилтэй болоод авчихна. Одоо ид барилдаж байгаа тамирчдын карьерын дараачийн асуудал урьд нь огт хөндөгдөж байгаагүй. Бид шигшээ багт байгаа тамирчдын асуудлыг нааштайгаар шийдэх боломжуудыг эрэлхийлж байна. Тухайлбал, БТДС-тай яриад шигшээ багт өндөр зэрэглэлтэй байгаа тамирчин 1,5 жил сураад дасгалжуулагчийн эрх авна гэдэг ч юм уу, ийм богино хэмжээний сургалтууд хийгдэж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, карьераа дуусгачихаад ар талд нь амьдрал нь мэргэжилтэй баталгаатай байхгүй бол урьд өмнө нь гарч байсан алдаануудыг давтаад байгаа юм. Ийм алдааг давтахгүйн тулд одоо ид байгаа тамирчдадаа богино хэмжээний сургалтад хамрагдах боломж олгож эхэлсэн.


    Монголд албан ёсны спортын хэдэн холбоо байна вэ. Тэд бүгд танайд харъяалагддаг уу. Яагаад ингэж асуух болов гэхээр спортын холбоодыг МҮОХ-нд хамааралтай байдаг гэж сонссон?


    Манай дээр шигшээ багууд байгаа. Спортын 22 холбоотой илүү ойр хамтарч ажилладаг. Ер нь спортын холбоодыг МҮОХ гишүүнчлэл өгөөд хариуцдаг. Урьд өмнө нь манай төрийн байгууллага МҮОХ хоёр тийм сайхан эв найртай байсангүй. Сүүлийн дөрвөн жил эвлүүлэх гэж нэлээд үзлээ. Шинэ гарч ирсэн Н.Түвшинбаяр ерөнхийлөгчтэй 2-3 удаа уулзаж ярилцаад “Энэ хоёр байгууллага маань эвтэй байх тусмаа, гар гараасаа барьж явах тусмаа спортын салбар илүү хөгжих боломжтой юм” гэдэг дээр санал нийлээд хамтарсан ажлын хэсэг байгуулаад нэлээд ажлыг хамтарч хийхээр төлөвлөөд явж байна. Тэгэхээр Монголын спорт тэр чигээрээ эвтэй найртай байх цаг ирлээ.


СПОРТЫНХОН ХЭЛ АМАА ОЛОЛЦООД ЭВЛЭРЭЭД ЯВБАЛ ХӨГЖИЛ ОЙРХОН


    Багийн спортыг Монголд зохихгүй гэж ярьдаг. Үүний нотолгоо гэсэн шиг манайхан нэг хүний спортоор л дэлхий, олимпоос медаль авдаг. Гэтэл сүүлийн үед 3x3 гэсэн сагсан бөмбөгийн төрөлд монголчууд дэлхийн аваргад өрсөлдтөл цахиур хагалж байна. Тэгэхээр та нарын тоглодог сагсан бөмбөгийн тэмцээний хүн нь олдоод байсан хэрэг үү. Гурван монгол зодолддог гэсэн хэлц байдаг ч гурвуулаа нийлсэн сагсан бөмбөгчид нэгэн цул болж чадаад байна. Үүний нууц юу юм бол?


    3x3 гэсэн сагсан бөмбөг сүүлийн үед хүчээ авч хөгжиж байгаа төрөл. Тавын эсрэг тав сагсчид маань 3x3 руу нэг их ордоггүй. Юу гэх юм бэ дээ, хоорондоо ялгаатай. 3x3 гэсэн төрөл нь монгол хүний биед арай илүү зохиод байх шиг байна. Манай тамирчдын комбинацууд ч чөлөөтэй байна. Тийм болохоор илүү их амжилт гаргаад байгаа хэрэг. Уг нь 5x5-ын хувьд эвтэй найртай байгаад нэг хэсэг Азийн тоглолтод амжилт гаргаад яваад байсан шүү дээ. Гэтэл бас л нөгөө эв түнжингүй байдлаас болоод энэ төрлийн хөгжил хоцорчихоод байгаа юм. Гэхдээ хэл амаа ололцоод эвлэрээд авбал хөгжил ойрхон гэж бодож байна.


    Аливаа байгууллагыг удирдаж авч явна гэдэг тийм амар зүйл биш. Удирдагч хүн бүхэнд таалагдах албагүй. Гэхдээ хийж байгаа ажлынх нь талаар, хэрэгжүүлж байгаа бодлогынх нь зөв бурууг дор байгаа хүмүүс нь хэлэлцэх нь бий. Спортын ордны аль ч булан тохойд очсон муу зүгийн шивнээ сонссонгүй. Өөрийг чинь хараад манжилж байгаа хэрэг биш. Надад тэгэх шаардлага ч байхгүй. Харин танай сагсан бөмбөгчдөөс л Шаравжамц ажил хийсэнгүй, сагсныхныг хагалан бутаргалаа гэх үгийг сонслоо. Тэгэхээр танай холбоо хоёр хуваагдсан нь өөртэй чинь холбоотой юм биш үү?


    Дээр өгүүлсэнчлэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд чив чимээгүй ажлаа л хийсэн. Тийм болохоор манай спортынхон нэг их муу үг хэлэхгүй биз. Сагсныхны хувьд аргагүй л дээ. Эв түнжингүй болоод хоёр хуваагдчихсан. Нэгэнт хоёр тийшээ харчихсан улс чинь нэг юм болохоо байхаар хэн нэгнийг буруутгах хэрэг гарна. Тэгээд л над руу дайраад байдаг юм. Үүнийг би дөрвөн жил тэвчиж өнгөрөөлөө. Яг үнэндээ бол Сагсан бөмбөгийн холбоо надтай ямар ч хамаагүй шүү дээ. Би энэ ажлыг авах үедээ Удирдах зөвлөлийнхөө гишүүнчлэлийг өгчихөөд л гараад явсан хүн. Ганц сагс бодох биш, цаана нь өчнөөн холбоо, спортын салбарыг тэр чигээр аваад явах учраас ажлаа хиймээр байдаг. Гэтэл ажил хийлгэхгүй хэрүүл өдөөд байдаг хэсэг нөхөд байгаад байдаг. Тэр бүрт нь хариулаад, хэрүүл хийгээд байх зав надад байдаггүй. Мөрөөрөө ажлаа хийгээд л явж байна.


    Олимпоос медаль авах найдлага бүхий төрлүүдийн хуучнаар ТОП-4 гэгддэг байсан бокс, буудлага, жүдо, чөлөөт бөхийн төрлүүдийг хангамж хэр нэмэгдсэн бэ?


    Бага багаар сэргээж явсаар одоо тун гайгүй болсон байгаа. Цаашдаа сайжруулна гэж төлөвлөсөн зүйл бий. Тамирчдын цалин нэмэгдсэнээс гадна бэлтгэл хийх тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг шинэчлээд явна. Сүүлийн үед энэ тал дээр анхаарч тэр хэрээрээ ч урагштай байгаа. Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвд гэхэд 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаад тамирчдынхаа нөхөн сэргээх эмчилгээний дэлхийн хамгийн сүүлийн үеийн супер багажуудыг авчирсан. Түүнээс гадна эрдэм шинжилгээний тоног төхөөрмжүүдийг оруулж ирсэн. Тамирчдын ачаалал, өөрчлөлтийн хэмжээ, биеийн аль хэсэг илүү хөгжилтэй байна, дээрээс нь булчингийн бүтэц, амархан ядардаг булчин хэр байна, ачаалал даадаг булчин хэр байна гэж судалдаг дэлхийн жишиг бий. Үүнийг Монголд хэрэгжүүлэх гээд л зүтгэж байна. Би өөрөө АНУ-д байхдаа энэ бүхнийг биеэр үзсэн учраас энэ тал руу заавал хөгжүүлэх ёстой гээд л Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийг байгуулсан юм.  


БИ ЗОДОГ ТАЙЛАХДАА "УДАХГҮЙ МИНИЙ ЭНЭ ЖИЖИГ ТАЛБАЙ ДЭЭР НИСНЭ" ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН





    
    Спортын төв ордныг хөл гишгэх зайгүй дүүргэсэн сагсан бөмбөгийн фенүүдийнхээ нүдэн дээр гайхамшигт тоглолтыг үзүүлж,  Лигийн шигшээд гурвын шидэлтийн аварга болж, цагариган дээрээс довтлон олныг алмайруулж, уухайн дуу, алга ташилтаар хучуулж явсан өдрүүд өөрийнх чинь. Харин өнөөдөр хүү чинь сагсан бөмбөг тоглоод аавынхаа нуруун дээгүүр давж цагариганд довтолж байхыг харах тэр агшин ямар байсан бэ?    


Өөрөө тоглож байгаагаас илүүтэй хүүгээ тоглож байгааг харах кайфтай юм билээ. Сэтгэл хөдлөөд, удам тасраагүй явж байгааг харахад үнэхээр баяртай байсан. Хүү маань ч сайн тоглоод намайг улам их баярлуулаад байна. /инээв/ Тоглолтыг нь хараад сууж байхад бага байсан үе нь бодогдоод л. Намайг зодог тайлахад миний хүү 6 настай байсан. Тэгэхэд би “Би энэ талбай дээр дахиж гарч ирэхгүй. Гэхдээ удахгүй миний энэ жижиг талбай дээр ниснээ” гэж хэлээд майкаа тайлж бага хүүдээ өмсүүлж байсан юм. Үүнийг баталсан юм шиг 10 жилийн дараа миний хүү аавынхаа дээгүүр нисч цагариганд бөмбөг тохлоо шүү дээ. Энэ бол өөрөө тоглож байхдаа авдаг кайфаас хэд дахин илүү мэдрэмж байдаг юм билээ.


Тэр агшинд алдчих вий гэх эмзэглэл төрсөн үү?


Бодож л байсан л даа. Гэхдээ болчихоор нь их баярлаад бүр нулимс гарсан шүү дээ. Тэр үед надад 10 жилийн өмнө хэлсэн үг маань л бодогдоод байсан.


Хоёр хүү чинь хоёулаа сагс тоглодог уу?


Энхийн-Од, Мөнхийн-Од хоёулаа тоглож байна. Том нь “Этүгэн” дээд сургуульд, бага нь энэ лигт “Хангарьд” багт тоглодог.


Өөрөө хэдэн жил энэ цагаригтай нөхөрлөв өө?


    Анх 1991 онд Эрдэнэтэд 10 дугаар ангиа төгсөөд л хот руу орж ирсэн. С. Баттулга дасгалжуулагчтай 1993 оноос 2013 он хүртэл яг 20 жил сагсан бөмбөг тоглосон байна. 20 жил сагс тоглож байгаад түүнээс хойш дасгалжуулагч голдуу хийсэн. Чингэлтэй дүүргийн БТСГ-ын даргын албыг гурван жил хашсан. Ер нь манай аав, ээж, ах, эгч нар эхнэр хүүхдүүд гээд бүгд ямар нэг хэмжээгээр спорттой холбоотой, энэ салбараар амьдарч ирсэн болохоор би нэг талаар энэ салбартаа өрөө төлж байна гэж боддог. Би өөрөө сагсан бөмбөгөөр хичээллэж, амьдралаа авч явж байгаа хүний хувьд тодорхой хэмжээгээр энэ салбараа хөгжүүлэх нь миний үүрэг гэж үздэг. Тийм учраас салбартаа өрөө төлж байгаа юм. Өөрөө тамирчин байсан болохоор хөөрхөн бор тамирчдынхаа өмнөөс нервтээд л, баярлах үедээ хамт баярлаад, гуних үедээ хамтдаа гуниад явж байгаадаа бас баярладаг юм. Дөрвөн жилийн төлөвлөгөө, санасан бүхэн бүтээд явчих юм бол цаашдаа энэ салбар маань доголдох юмгүй болно. Тэр үед миний ажил гүйцсэн гэж үзээд би ажлаа өгөөд зүгээр л яваад өгнө. Би дотроо ингэж л боддог. Спортынхоо салбарын суурийг маш сайн тавьж өгөөд, барагтай зүйлд ганхаад байхааргүй болгоод, цаашдаа хөгжил нь өөрөө өөрийгөө аваад явчих хэмжээнд хүргэвэл тэгээд л болчихож байгаа юм.


    Ер нь Монголын хөгжил дөрвөн жилийн хэмнэлтэй болоод удлаа. Харин энэ удаад өөрт чинь боломж олдож байх шиг. Улиран томилогдлоо. Хугацаа гарч ирлээ. Амжилт хүсье. Энэ сэдвээс жаахан хөндийрөөд АНУ-д байсан үеэ дурсвал...?


    АНУ-д байсан гурван жил надад мэдлэг өгсөн гэж би боддог. Хараагүй юмаа олж харсан. Тамирчин хүн ямар байх ёстойг хамгийн өндөр түвшнээс харж ухаарсан. Тэгээд эргэж ирээд эндээ  тамирчдадаа тавьж байгаа шаардлага хүртэл өөр болдог юм билээ. Тэнд олж авсан мэдлэг маань энд ажиллах гол суурь болж байгаа юм. Тэр гурван жил үнэхээр сайхан үе байсан. Цалин пүнлүү өндөртэй, залуу ч байсан, ид тоглож байсан үе. Тэр үе бол миний амьдралын гэгээлэг дурсамжтай мөчүүдийн нэг хэсэг нь. Бага хүү Энхийн-Од маань тэнд төрсөн.



Тэгэхээр АНУ-ын иргэн гэсэн үг үү? Америкт тоглодог бил үү?


    Тийм. Тэгэхдээ энд нэг асуудал байгаа юм. Миний хүү чинь 21 нас хүрэхээрээ өөрөө иргэншлээ сонгох эрхтэй. Гэхдээ гадаадад төрсөн ч гэсэн хоёр монгол хүнээс төрсөн юм чинь хоёр улсын давхар иргэншил олгох хуулиа баталчих юм бол, зөвхөн манай хүүгээр тогтохгүй, АНУ-д байгаа хэдэн мянган хүүхдэд боломж олдож, тэд эх орондоо чөлөөтэй нэвтрэх эрхтэй болж, амар болно. Удахгүй Ерөнхийлөгчтэй уулзах байх. Энэ талаар санал хэлье гэж бодож байгаа. Гадаад орны туршлагыг харахад онцгой авьяастай тамирчин, урлагийн хүн, маш өндөр зэрэгтэй профессор, докторуудыг хоёр иргэншилтэй байх боломжтой гээд хуулиа гаргачихдаг юм билээ. Ингэснээр авьяастай тамирчин, урлагийн хүмүүс тухайн улсад ирж, спорт, урлагийн салбарыг нь өөд нь татах боломжтой болно гэсэн үг. Эрдэмтэн докторууд ч ялгаагүй. Манай улсын хувьд гэхэд Ерөнхийлөгч Маллай гэдэг бөхөд иргэншил олгоод Монгол Улсын нэрийн өмнөөс барилдуулах болсон шүү дээ. Энэ бол цаад улсынхаа иргэншлээс татгалзаж байж эндхийн иргэншил авдаг явц л даа. Хэрвээ давхар иргэншлийг зөвшөөрсөн хууль гарах юм бол маш олон сайн тамирчид, жүжигчид Монголд ирэх боломжтой болж, олсон орлогоноосоо татварт өгдөг болчих юм бол эдийн засагт ч гэсэн хувь нэмэртэй баймаар санагдах юм. Түүн дотроос онцлоод хэлэхэд гадаад оронд төрөөд тэндхийн иргэншил авсан ч гэсэн хоёр монгол хүний дундаас гарсан үр хүүхдийг нь хоёр иргэншилтэй болгочиход нэг их буруутах зүйлгүй байх л гэж хардаг.


Хэрвээ тэгж шийддэг бол Хакухо ч гэсэн Монголын иргэн хэвээр байх боломжтой болох юм даа?

   
    Тийм шүү дээ. Японд сүмод барилдаж байгаа бөхчүүд давхар иргэншилтэй болчих юм бол хэрэгтэй л байна. Удахгүй хүү маань 21 нас хүрээд өөрийн иргэншлээ сонгох болоход бас хэцүү. NBA-д тоглохыг зорьж, өөрийгөө сорьж байгаа хүн сонирхлоо дагамаар байдаг. Гэтэл би чинь бас үндэсний үзэлтэй хүн болохоор хүүгээ Монголын иргэн байлгамаар болдог. Ингээд л асуудал гарч ирэх шинжтэй. Угаасаа монголчууд цөөхүүлээ шүү дээ.


WADA - ГИЙН ДҮРМИЙГ МАНАЙ ШҮҮХ ШҮҮГЭЭД ЯВЖ БАЙГАА НЬ ӨӨРӨӨ ЗОХИСГҮЙ АСУУДАЛ


Спортын байгууллагыг удирдаж байгаа хүнтэй уулзаад асуухгүй өнгөрч боломгүй асуулт гэж байна. Тухайлбал, допингийн тухай. Монголчуудын үндэсний өв уламжлалд багтах соёлын салшгүй нэгэн хэсэг нь үндэсний бөх. Гэтэл сүүлийн жилүүдэд үндэсний бөх сэргээшийн асуудалтай байнга холбогддог боллоо. Сэргээш илэрсэн, үнэн, худлаа гээд шүүхээр хүртэл заргалддаг боллоо шүү дээ. Зарим нь шинжилгээг БНСУ руу явуулж хийлгэх нь буруу гэж байна. Үүнийг Монголд хийгээд наадмын үеэр хариуг нь гаргачих боломж байдаггүй юм уу?


    Байхгүй. WADA-гаас допингийн шинжилгээ хийх эрх авахад маш өндөр шалгуур тавьдаг. Ганц лаборатори барихад хэдэн зуун сая долларын өртөгтэй босно. Тийм болохоор ийм лабораторитой болох хэцүү. Тиймээс Сөүл рүү явуулж шинжлүүлж байгаа юм. Үндэсний бөхийн тухайд энэ спорт мөн үү, аль эсвэл баяр наадам цэнгэл үү гэдгийг эхлээд нарийн тодотгох хэрэгтэй. Хэрвээ баяр наадам цэнгэл юм бол үүнд допингийн шинжилгээний шаардлага байхгүй. Үнэхээр спорт гэж үзэх юм бол Олон улсын байгууллага WADA-гийнхаа дүрмээр допингийн журмаа батлаад бөх барилдах тамирчдаа хэзээ, хаана ч гэсэн очоод допингийн шинжилгээнд хамрагддаг дүрэмтэй болох ёстой. Хэрвээ шалгуулахгүй бол WADA-гийн дүрмээр “Энэ хүн допинг хэрэглэсэн” гэж үзээд барилдах эрхийг нь хамгийн багадаа хоёр жил хүртэл хугацаагаар хасаад явах хэрэгтэй. Тэр бүү хэл, бүх насаар нь хүртэл тэмцээн уралдаанд оролцохыг нь хориглодог шүү дээ. Үндэсний бөх үнэхээр спорт мөн юм бол олон улсынхаа дүрмийн дагуу явмаар байна. Олон улсын дагаж мөрддөг WADA-гийн дүрмийг манай шүүх шүүгээд явж байгаа нь өөрөө зохисгүй асуудал болоод байгаа юм. Тэгэхээр Баяр наадмын хуульдаа шинэчлэлт оруулаад энэ асуудлыг нэг тийш цэгцлэхгүй бол үндэсний бөхчүүдийн шинжилгээний хариу Спортын байгууллагаар дамжиж ирдэг, ирсэн хариуг Допингийн эсрэг үндэсний төв зарлах эрхгүй, харин Баяр наадмын комисс хуулийн дагуу танилцуулдаг болохоор сунжирсан, цаг алдсан зүйл болоод голд нь “Хариу солигдсон, буруу байна” гэх мэтийн яриа үүсээд байгаа юм. Үнэндээ хариу солигдох ямар ч боломж байхгүй. Камертай өрөөнд шинжилгээ аваад нэрийг нь тавилгүйгээр кодлоод, тусгай саванд савлаад, лацдаад явуулдаг юм шүү дээ.


    Тэгэхээр Баяр наадмын хуулиндаа өөрчлөлт оруулаад юуны өмнө үндэсний бөх спорт мөн үү, биш үү гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Үндэсний бөх спорт мөн гэж үзвэл допингийн асуудлыг олон улсын жишгээр мөрдөх ёстой болно. Тухайлбал, баяр наадмын гурав хоногт мөрдөгддөг хуулиар бус, олон улсын WADA-гийн дагуу бөхчүүдэд хаа байгаа газарт нь шинжилгээ хийж, хариуцлага тооцдог болно. Мөн сэргээш илэрсэн эсэх талаарх мэдээллийг Баяр наадмын комисст бус, Монголын допингийн эсрэг үндэсний төвд эрхийг нь өгч хариуцуулаад, хуулийн санкцийг нь чангатгаад явбал илүү үр дүнд хүрнэ гэж боддог. Ингэж нэг талдаа асуудлыг гаргаад авах юм бол сэргээшийг дарж авахад нэг их хэцүү ч зүйл биш.


    Дэлхийн дэвжээнд зодоглож, бөмбөрцгийн хэмжээнд өрсөлддөг манай тамирчид допингийн шинжилгээг тогтмол өгдөг. Тэр бүрийд элдэв сөрөг зүйл илрэхгүй байхад манай үндэсний бөхчүүд толгойны эм уусан ч допинг илэрлээ гэж ярьдаг болчихлоо. Түүгээр зогсохгүй, “Илэрсэн нь үнэн. Буруугаа хүлээе” гэж хээвнэг хэлдэг болж. Энэ нь эргээд спортод хандах олны сэтгэлд сэв суулгаж, үндэсний бөхөөр бахархах бахархлыг үгүй хийж байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

    
    WADA бол одоо Монголыг анхааралтай ажиглаж байгаа нь мэдээж. Яагаад гэхээр 16 хүнээс шинжилгээ аваад явуулахад тэдгээрийн 3-4-т нь сэргээш илэрчихээд байна шүү дээ. Ингэхээр үндэсний бөхөөс гадна эргээд манай их спорт руу нөлөөлөөд байгаа байхгүй юу. Манай тамирчдаас байнгын ажиглалт авч эхэлдэг болоод байгаа. Хаана явсан газраас нь араас очиж шинжилгээ авч байна. Учир нь энэ илрээд байгаа тоо чинь үндэсний бөх гэдэг тусгай төрлөөр бус чөлөөт бөхийн холбоогоор дамжиж ирээд байгаа учраас чөлөөт бөхөөс илрээд байгаа юм шиг харагдаад байна гэсэн үг. Тэгэхээр манай чөлөөт бөхийнхнийг WADA  эргээд чангалаад байна гэсэн үг. Ийм байдлаар удаан явбал аягүй бол Олон улсын допингийн эсрэг агентлагаас арга хэмжээ аваад ОХУ шиг цагаан тугны дор Олимпод орох хэмжээний байдалд хүрчих тул энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол болохгүй.


    Спортын ордондоо тоглож явсан сагсан бөмбөгч өнөөдөр даргын алба хашаад сууж байна. Хааяа нэг заал танхимдаа орж хөлсөө гаргах үе байна биз. Бөмбөг хараад аваад цагариг руу шидмээр санагддаг уу?


    Санагдалгүй яахав. Тоглоё гэвэл танхим заал нь бэлэн байна. Бэлтгэлийн хувцас энэ өрөөнд, цаана чинь бэлэн байна. Тэгсэн мөртлөө надад зааланд ороод 30  хором бөмбөг шидэх зав гардаггүй юм шүү дээ. Дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа л зааланд ахмадуудтайгаа зааланд орж жаахан бөмбөг шийдсэн байх. Бусад үед нь зав гарахгүй байгаа юм.


Ахмадуудынхаа улсын аваргын тэмцээнд хуучин багийн чинь нөхдүүд хамт оролцъё гэж урина биз дээ?


    Тэгдэг юм. Гэхдээ орж амждаггүй шүү дээ. Бэлтгэл ч хийгээгүй болохоор  багаа хорлоод яахав гээд оролцдоггүй. Ажил ихтэй болохоор тэрэнтэй манатай болчих юм даа. Юу ч бэлтгэл хийгээгүй байж ороод багаа хорлоод хаячихвал дэмий. /инээв/


ЗАГАСЧЛАХЫГ БЯСАЛГАЛЫН НЭГ ТӨРӨЛ ГЭЖ БИ БОДДОГ


Амралтаа яаж өнгөрөөдөг вэ?


    Хөдөө явах дуртай. Амрах боломж гарвал хөдөө л явдаг. Аль болох хол, аль болох хүнгүй газрыг зорих дуртай. Өвөл ч байсан хамаагүй майхан дотроо хоноод л явчихдаг хүн шүү дээ. Найз нөхөдтэйгээ ингэж явах нь хамгийн сайхан амралт болдог. Өнгөрсөн жил хоёр хүүгээ аваад гэр бүлээрээ Хөвсгөл далай орж амаръя гэсэн бага хүү маань “Аав аа, бэлтгэл тасарчихна” гэсэн. Өөрөө тамирчин байсан хүн, тамирчны бэлтгэл ямар чухлыг ойлгохын дээдээр ойлгож байгаа хүн чинь хүүгийнхээ өөдөөс хэлэх үггүй л болж байгаа юм чинь./инээв/ Тэгээд амжаагүй.


    Нүүр номд тавьсан зургаас чинь харахад загасчлах нэлээд дуртай юм шиг санагдсан. Зарим хүн загас бариад түүнийгээ хүнсэндээ хэрэглэдэг бол зарим нь барьсан загасаа буцаагаад тавьчихдаг. Таны хувьд?


    Загасчлах үнэхээр дуртай шүү. Таны асуултын хувьд би хоёр дахь бүлэгт нь багтана. Би өөрөө загасны мах иддэггүй. Загасчлал өөрөө бясалгал юм. Хамгийн дээд бясалгал бол юу ч бодохгүй байх гэдэг. Тэр бол гэгээрсэн хүмүүст хамааралтай байх. Дараачийн алхам нь юу гэхээр нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх гэдэг. Харин загасчлах хугацаанд загаснаас өөр юм бодогдохгүй. Тийм болохоор загасчлахыг бясалгалын нэг төрөл гэж би боддог. Тиймээс л загасанд явах дуртай.


Ном хэр уншдаг вэ?


    Зав гарвал уншчихна. Гэхдээ маш цензуртай уншдаг. Тааралдсан ном болгоныг шүүрч аваад байхгүйгээр хэрэгтэй гэсэн зүйлээ олж уншдаг.


Сайн тамирчин байсан хүн тэр бүр сайн дасгалжуулагч болдоггүй. Түүн шиг сайн удирдагч байхын тулд хүнд боловсрол чухал. Мөн юм үзэж нүд тайлсан байх хэрэгтэй. Юуны өмнө хэл сурах хэрэгтэй. Хэлтэй байна гэдэг өнөөдөр хашиж байгаа албанд чинь ч нэмэртэй байгаа болов уу?


    Тийм шүү.  Хэлтэй байна гэдэг яах аргагүй давуу тал. Би анх Эрдэнэтийн орос сургуульд орж байсан. Унаган орос хэлтэй. Дээрээс нь англи хэлний курс, дараа нь Отгонтэнгэр дээд сургуульд хуульчаар суралцаад, дараа нь “Чингис хаан” дээд сургуульд түүхийн магистраа хамгаалсан. Түүхийн чиглэлээр суралцсан болохоор түүхийн номыг их сонирхоно. Тамирчин байхад хэлтэй байна гэдэг өрсөлдөгчөө судлахад хэрэг болдог бол удирдах ажилд гадаад харилцаанд хэрэг болж байгаа юм. Энд тэнд явахдаа заавал орчуулагч дагуулах шаардлагагүй шууд өөрөө харьцаад явчихна. Албан ёсны протоколын юм бол арай өөр л дөө. Тиймээс хэл сурах нь их чухал гэж боддог.

Ийм бодолтой явдаг болохоор өсвөр үе, залуучуудын шигшээ багт англи хэл болон бусад хэлийг түлхүү үзүүлнэ гэсэн зорилготой байгаа. Тухайлбал, англи хэл дээрх дасгалжуулалтын номыг бариад авахад ойлгодог хэмжээний байвал тэдний ирээдүйд л хэрэгтэй.  


    Аливаад сатааралгүй ажлаа хийсний хүчинд нэлээд зүйлийг амжууллаа гэж Та хэлсэн. Энэ нь төлөвлөсөн ажлынхаа хэдэн хувийг амжуулсан гэсэн үг вэ. Дараачийн дөрвөн жилд төлөвлөсөн зүйл юу байна?


    Ер нь бараг 80 хувийг нь хийчихсэн шүү. Үлдсэн 20 хувь олимптой холбоотой буюу цар тахлаас болоод хойшилчихсон байгаа юм. Цагтай уралдаж ажилласных хүсээд байсан зүйлээ ерөнхийд нь хийчихсэн гэсэн үг. Ямар ч байсан спортын салбарын хувьд их аятайхан болж байна. Тэгэхээр ирж буй дөрвөн жил спортын салбарын алтан үе байх болно.  Тэр хэмжээгээрээ илүү их ажил төлөвлөж байгаа. Тэр хэмжээгээрээ цаг нартай уралдах, илүү гүйх, хөдөлмөрлөх дөрвөн жил болоод байна даа. Дөрвөн жилийнхээ төгсгөлд би нийт ажлаа амжуулна гэсэн итгэлтэй байгаа. Яагаад гэхээр ийм алтан үе дахиж ирээ ч үү, үгүй юү бүү мэд. Салбарынхны маань эв нэгдэл учир  зүйгээ олж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга бүгд спортыг дэмжиж байна шүү дээ. Ийм дэмжлэгтэй байгаа дээрээ аль болох ихийг амжуулж авах зориготой л их дөрвөн жилд үзэж тарна даа.


САЙН ХАНЬТАЙ БИ ҮНЭХЭЭР АЗТАЙ ХҮН


Хүн амьдралдаа олон сонголтыг өөрийнхөө үзэл бодол, сэтгэл зүрхний дуудлагаар хийдэг. Эдгээр сонголтын нэг нь ханийн сонголт. Цэл залуу наснаасаа эхлээд гэрийн бараа харахгүй, зааланд цагийг өнгөрөөж, бөмбөгтэй нөхөрлөсөн эр нөхөр байх нэг хэрэг. Гэтэл хоёр хүү нь бас аавынхаа замналыг дагаад явчихаар ар гэрийн ачаа гэргийн нуруун дээр ирнэ. Ар гэр амар тайван байх нь тамирчны ялалт амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь мэдээж. Ханийнхаа талаар ярьвал?


    Би их азтай хүн. Манай хүн өөрөө волейболчин. Өөрөө тамирчин байсан учраас тамирчин хүний зовлонг сайн мэддэг. Насаараа миний хоолыг бэлдээд, миний хажууд гүйдэг байсан чинь одоо хоёр хүү нь тамирчин болчихсон. Одоо хоёр хүүгийнхээ бүх тоглолтыг очиж үзнэ, зөвлөгөө өгнө. Амралтын өдрүүдээр хоёр хүүгийн багийнхан гэрээр шавчихна. Манай хүн хамгийн том тогоондоо хоол хийгээд өдөржингөө үзэж тараад л байна даа. Ядарч байна уу гэж асуухаар хөөрхий минь түүндээ дуртай байгаад байх шиг. /инээв/ Хүүгийнхээ багийнхныг хараад яг өөрийн хүүхэд шиг хайрлаж байгаа юм чинь. Өөрөө түүндээ бүр сурчихсан. Хамгийн гол нь өөрөө тамирчин байсан болохоор энэ бүхнийг сайн мэдэж ойлгож байгаа. Тийм болохоор би үнэхээр азтай хүн л дээ.


    Танайхан удмаараа өндөр хүмүүс. Танай хамаатны ах Будтай цэрэгт хамт байсан хүн “Амгалангийн автобусаар хот руу явдаг байлаа. Цэргүүд болохоор автобусны ард л зогсоно шүү дээ. Тэгэхэд жолооч “Хөөе, тэр цэрэг дугуйн дээр битгий зогсоод бай. Доошоо буу” гэдэгсэн. Зогсоол дээр ирээд хаалгаар буухыг нь хараад дуу алддаг байсан” гэж ярьж байсан. Сошиалаар АНУ-д амьдарч байгаа өндөр нуруутай монгол охины тухай мэдээлэл хэдэн сарын өмнө цацагдсан. Түүнийг  Буд ахын чинь охин гэж сонссон?


    Тийм ээ. Манай Буд ахын бага охин. Одоо 2м 05см өндөртэй. Хамгийн өндөр эмэгтэй. Энд МУИС-ийн гадаад харилцаа төгсөөд БНСУ-д магистр хамгаалсан. АНУ-д ээж дээрээ байж байгаад эргээд БНСУ-д очсон байгаа. БНСУ-д ажиллаж, амьдардаг тийм охин байдаг юм.


Өөрийн тань өндөр яг хэд билээ?


2 метр 12 хавьцаа л байгаа.


Хоёр хүү чинь хэр өндөр байна вэ?


Том нь 2 метртэй, бага нь 2,04 метртэй л байна даа.


Гэр бүлийн зургийг тань харахад хэдийгээр гар бөмбөгийн хүн ч гэлээ эхнэр чинь их л намхан харагдана лээ?


Би хоёр хүүгээ бага байхад нь хэлж байсан юм.  Энэ хоёрыг том болохоор чи минь нөгөө ойд төөрөв гэдэг шиг юм болох вий гэж. Үнэхээр тэр л болж байх шиг байна. /инээв/.

Сагсан бөмбөгийн лигт од болон гялалзаж явсан үеэс нь тун чиг олон жилийн дараа бид уулзсан юм. Ажил төрлөөс эхлээд амьдрал ахуй гээд юу эсийг хуучилсан гэхэв. Энэ хугацаанд “1+11” багийн ахлагчид огт өөрчлөгдөөгүй нэгэн зүйл байгааг анзаарсан. Тэр бол Ц.Шаравжамцын дотно инээмсэглэл, даруу зан. Хэнд ч нэг л зангаараа байдаг чанар нь яг хэвээрээ үлджээ. Тэр “Дөрвөн жилийн төлөвлөгөө, санасан бүхэн бүтээд явчих юм бол цаашдаа энэ салбар маань доголдох юмгүй болно. Тэр үед миний ажил гүйцсэн гэж үзээд би ажлаа өгөөд зүгээр л яваад өгнө” гэж хэлсэн. Хэн хүний амнаас гарах үг биш шүү.

                                                                        Ярилцсан Н.Саранчимэг


Холбоотой мэдээ