Хятадад 940 сая хүн интернэт хэрэглэж байна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-09-30 14:55:04

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын интернэт сүлжээний мэдээллийн төвөөс /CNNIC/ “Хятад улсын интернэтийн хөгжлийн нөхцөл байдал, статистик” тайланг өчигдөр танилцууллаа.

            Тус тайлангийн дүнг харахад тус улсын интернэт хэрэглэгчдийн тоо 940 саяд хүрсэн буюу энэ оны 3-р сартай харьцуулахад хэрэглэгчийн тоо 36.2 саяар нэмэгдсэн байна. Дээрх хэрэглэгчдийн 94.5 хувь нь буюу 888 сая нь цахим видео үзэж, хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.

            Түүнчлэн онлайн худалдааны шууд дамжуулалтын хэрэглэгчийн тоо 300 саяд хүрсэн нь оны эхний хагас жилийн байдлаар хамгийн хурдацтай өссөн интернэт хэрэглээ болсон байна.

            Хятадын интернэт сүлжээний мэдээллийн төвийн /CNNIC/ гүйцэтгэх захирал Жан Шао хэлэхдээ “Хятадын цахим хэрэглэгчдийн тоо 940 саяд хүрсэн нь ойролцоогоор дэлхийн нийт хэрэглэгчийн 5-ны нэгийг эзэлж байна. Мөн Хятад улс даяар интернэт сүлжээнд холбогдсон газар нутгийн хэмжээ 67 хувийг эзэлж буй нь дэлхийн дунджаас 5 орчим хувиар өндөр байна. Хот хөдөөгийн интернэт нэвтэрсэн хувийн зөрүү 24.1 хувьтай байгаа нь 2017 оноос хойш анх удаа энэхүү үзүүлэлт 30-аас бага хувьтай гарсан нь энэ юм” гэжээ.

            Мөн цахим боловсрол, цахим эмнэлэг, цахимаар ажиллах зэрэг салбар нь нийгэм эдийн засгийн хөгжлийн хэвийн байдлыг хангах, ард иргэдийн амьжиргааны үндсэн хэрэгцээг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг тус тайланд онцолсон байна.

            Энэ оны 6-р сарын байдлаар цахим боловсролын салбарын хэрэглэгч 381 сая /нийт хэрэглэгчийн 40.5 хувь/, цахим эмнэлгийн салбарын хэрэглэгч 276 сая /29.4 хувь/, цахимаар зайнаас ажиллах хэрэглэгч 200 сая /21.2 хувь/-д тус тус хүрчээ.        

Холбоотой мэдээ