Энэтхэгийн эрх баригчид сургууль, коллеж, кино театруудыг нээхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-10-01 15:06:56

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн Засгийн газар цар тахлын улмаас гуравдугаар сард тавьсан хязгаарлалтыг сулруулах ээлжит үе шатны хүрээнд 10 дугаар сарын 15-наас эхлэн сургууль, коллеж, кино театр, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нээхийг зөвшөөрчээ.


Засгийн газрын одоогийн шийдвэрийн дагуу, муж, тойргуудын эрх баригчид коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан боловсролын байгууллагуудыг нээх эсэхээ бие даан шийдэх эрхтэй бөгөөд зайны сургалтыг урьдын адил зөвшөөрөх аж.


Энэтхэгийн төв Засгийн газар мөн танхимын дүүргэлт 50 хувь байх нөхцөлтэйгөөр кино театрууд, үзвэрийн танхимуудыг нээнэ гэж мэдэгдсэн байна. Харин үзэсгэлэнгийн танхимууд, цэцэрлэгт хүрээлэнгүүд хүмүүс хоорондын зай барих, амны хаалт зүүх журмыг дагаж мөрдсөн тохиолдолд үйл ажиллагаа явуулж болно.


Өвчлөл өндөр хэвээр байгаа бүс нутгуудад хязгаарлалтыг 10 дугаар сарын 31 хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр болжээ.


Энэтхэгт коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 6 225 763-т хүрч, 97500 орчим хүн нас баржээ. Тус улс өдөрт илэрч буй халдварын үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын дунд нэгдүгээрт орсон хэвээр байгаа бол халдварын нийт тохиолдлын тоогоор АНУ, Бразилын дараа гуравдугаарт бичигдэж байна.


Холбоотой мэдээ