БНАСАУ-ын удирдагчийн дүүг АНУ-д айлчлуулахаар нууцаар бэлтгэж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-07 14:34:30

ТОКИО. /TASS/. БНСУ-ын эрх баригчид Пёньян, Вашингтоны хооронд хийж буй хэлэлцээг амжилтад хүргэхийн тулд  БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жоныг АНУ-д айлчлуулахаар нууцаар бэлтгэж байсан боловч энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүй байна. 


Японы “Yomiuri” сонинд АНУ, БНСУ, Японы эх сурвалжуудын мэдээллээс иш татан бичсэнээр, ахынхаа итгэлийг онцгой ихээр хүлээсэн, түүгээр барахгүй БНАСАУ-ын “хоёр дахь хүн” гэгддэг Ким Ё Жоны АНУ-д хийх айлчлал Вашингтон, Пёньяны хэлэлцээг мухардлаас гаргахад тусална гэж үзжээ. 


Вашингтон, Пёньяны байр суурь зөрчилдсөн хэвээр байгаа юм. Америкийн тал БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг устгахад томоохон буулт хийхийг, харин Умард Солонгос эдийн засгийн хатуу хориг арга хэмжээнүүдийг цуцлахыг шаардаж буй юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, БНСУ-ын эрх баригчид одоог хүртэл албан ёсоор дуусаагүй байгаа 1950-1953 оны Солонгосын дайныг эцэс болгох тухай тунхаглалыг батлахыг айлчлалын гол агуулга болгохоор төлөвлөж байжээ. 10 дугаар сарын 7-8-нд Сөүлд айлчлахаар төлөвлөж байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хийх хэлэлцээний үеэр Ким Ё Жоны айлчалын талаар тохиролцоонд хүрэхээр төлөвлөж байсан аж. Гэвч Помпео айлчлалаа хойшлуулсан билээ. Үүний улмаас БНАСАУ-ын удирдагчийн дүүгийн айлчлалын талаар шийдвэр гаргах цаг хугацаа үлдээгүй гэж эх сурвалжууд үзэж байгаа аж. 


Ким Ё Жон урьд нь Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн нэгдүгээр орлогч даргын албан тушаалыг хашиж байжээ. Японы “Asahi” сонинд бичсэнээр, тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр боловсон хүчний гол асуудал хариуцсан газар болох Төв хорооны Зохион байгуулалтын хэлтсийн тэргүүн дэд дарга болсон байна. Өнгөрөгч гуравдугаар сард мөн түүний гарын үсэгтэй Сөүл, Вашингтонтой хийж буй Пёньяны харилцааны асуудлаарх баримт бичгийг нийтэлжээ. “Asahi” сонинд мэдээлж буйгаар, энэ нь Умард Солонгосын удирдагчийн дүүгийн нөлөө гадаад бодлогын хүрээг хамарч байгааг харуулж байна. Ким Ё Жон дөрөвдүгээр сарын 11-нд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүнд нэр дэвшигчээр сонгогдсон гэж Японы эх сурвалжууд мэдээлжээ. 


Холбоотой мэдээ