Сайншандын салхин паркаас нийлүүлэх эрчим хүчний хэмжээ буурсанд анхаарал хандуулахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-09 11:19:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өчигдөр БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Филипп Мэрлин Монгол Улсын хөгжилд эрчим хүч шийдвэрлэх үүрэгтэй, үүнд Эрчим хүчний сайдын үүрэг оролцоо чухлыг тэмдэглэв. Эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Францын хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд зарим асуудлыг хэрхэн шийдэх талаар санал солилцлоо.   

Франц улсын “БРЛ Инженер” компани Монгол Улсын “Престиж Инженеринг” ХХК нарын түншлэлд зөвлөх үйлчилгээ үзүүлж, Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын биологийн олон янз байдалд Эгийн голын усан цахилгаан станцын үзүүлэх нөлөөллийн судалгаа хийлгэсэн. Гэвч гэрээт ажлын төлбөрийг шилжүүлэхгүй удаж байгааг шийдэх, Сайншандын салхин паркаас эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэх  эрчим хүчний хэмжээ 28 хувь хүртэл буурсан нь хөрөнгө оруулагч нарт төвөгтэй байдал үүсгэж байгаад анхаарал хандуулах”-ыг Элчин сайд хүслээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “COVID-19” цар тахлаас үүдэн салбарын хувьд амаргүй нөхцөл байдал үүссэн. Хэрэглэгчийн бүтцэд өөрчлөлт орж, хэрэглээ багассантай холбогдуулан сэргээгдэх эрчим хүчний станцаас нийлүүлэх эрчим хүчний хэрэглээг бууруулсан. Энэ бол давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой гэв. Харин  “БРЛ Инженер” компани Монгол Улсын “Престиж Инженеринг” ХХК нарын түншлэлийн гэрээний төлбөрийн хувьд үүргээ биелүүлэхэд анхаарахаар болов. Эгийн голын усан цахилгаан станц нь импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах төсөл. Биологийн олон янз байдалд нөлөөлөх судалгааны дүнгээс төслийн хувь заяа хамаарах тул нааштай хариу хүлээж байгаагаа онцоллоо.   

Холбоотой мэдээ