Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний өдөрлөгийг орон даяар явуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-09 17:58:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэх шаардлагатай байна. Үүнд анхаарч ажиллахаа БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр болсон орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдрөөр зохион байгуулж буй салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг нээж үг хэлэхдээ онцлов. 


Тэрээр, нийслэл болон томоохон суурин газрын нийтийн аж ахуйн үйлчилгээ оршин суугч иргэдийг ус, дулаан, цахилгаанаар тасралтгүй ханган үйлчилж, тав тухтай амьдралыг хангахын төлөө нягт уялдаа холбоотой ажиллаж байгаа. Харин аймаг, орон нутагт энэ байдал эсрэгээр тус тусдаа тасарсан байдлаар ажиллаж буйг анхаарч, цаашид хамтран, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулна гэдгийг мэдэгдэв. 


Нийтийн аж ахуй, орон сууцны байгууллагын нээлттэй өдөрлөг "Хэрэглэгчээ дээдэлье" уриан дор болж, БХБЯ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл зохион байгуулж, ашиглалт, үйлчилгээний компаниуд, СӨХ, нийтийн аж ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн 100 гаруй байгууллага оролцож иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүллээ. Үүнд:

  • Орон сууцны айл өрхүүдийн цэвэр, бохир усны төлбөр тооцоо;
  • Сантехник, шугам хоолойн засвар үйлчилгээ;
  • Усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахтай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөмж, зөвлөгөө;
  • Орон сууцны үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол;
  • Техникийн нөхцөлтэй холбоотой зөвлөмж, мэдээлэл;
  • Бохир ус соруулах үйлчилгээ, түүнтэй холбоотой санал, гомдол;
  • СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөв. 


"Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр-2020" салбарын нээлттэй өдөрлөг Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан орон даяар болж, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын ажлыг хэрэглэгчдэд танилцууллаа. 



Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ