Налайх дүүрэгт сайжруулсан түлшний үйлдвэр барьж 1500 ажлын байр бий болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-10 10:07:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өчигдөр Налайх дүүргийн ажил байдалтай танилцлаа.


Налайх дүүрэгт сайжруулсан түлшний үйлдвэрийг барьж, 1500 ажлын байрыг бий болгоно


УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүргийн иргэдтэй уулзалт хийж, УИХ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд танилцууллаа. 



УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ анхдугаар чуулганаа цаг алдалгүй хуралдуулж, Засгийн газраа байгуулж, төр, засгийн байгууллагуудын үйл ажиллагаа богино хугацаанд жигдэрсэн нь улсаа сэргээн мандуулах, тулгамдсан асуудлаа хойшлуулалгүй шийдэх эрмэлзлийн илэрхийлэл юм. УИХ, Засгийн газар түүхэн чухал цаг үед, ард түмнийхээ итгэлийг дааж ажиллах, Монгол орноо хөгжил дэвшлийн шинэ замд гаргах эрмэлзэл дүүрэн байна. Үүний тулд халамжаас бүтээмжид шилжиж, үйлдвэрлэгч орон болох, төрд хариуцлага, ёс зүйн зарчмыг бүрэн хэвшүүлэх зорилт дэвшүүлсэн” хэмээн онцлоод тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтыг дэмжих таван чиглэлд төр, засгийн бодлогыг тодорхойлон ажиллаж байна гэв. 


УИХ ээлжит бус чуулганаа хуралдуулж, 2020 оны төсвийг тодотгож, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан.


Эдгээр баримт бичиг салбар бүрт эрс шинэчлэлт, өөрчлөлт хийх, улсаа сэргэн мандлын замд гаргах цоо шинэ агуулгатай гэдгийг УИХ-ын дарга тэмдэглэлээ.


Улсын эдийн засаг амаргүй байгаа ч цар тахлаас иргэдээ хамгаалах, эдийн засгийн хямралд нэрвүүлэхгүй байхад онцгой анхаарч, 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд сар бүр 100.0 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 оныг дуустал олгохоор болсон. Засгийн газраас саяхан өргөн барьсан Монгол Улсын 2021 оны төсвийн хуульд хүүхдийн мөнгийг 2021 ондоо үргэлжлүүлэн олгохоор тусгасан гэдгийг мэдээллээ. 



Халамжаас бүтээмжид шилжсэн үйлдвэрлэгч орон болохыг зорьж буй талаар хэлэхдээ, Улаанбаатарын дүүрэг бүрт жижиг, дунд үйлдвэрлэлийг сэргээж, шинээр байгуулж, хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэн, үйлдвэрлэгч орон болохыг зорьж буй хүрээнд Улсын Их Хуралд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог байгуулан, тус байнгын хороо үйл ажиллагаагаа эрчимтэй эхлүүлж, гишүүд орон нутагт үйлдвэрлэлтэй танилцаж байгааг дурдлаа. Мөн эдийн засгаа дэмжих чиглэлээр шинээр хэрэгжүүлж байгаа уул уурхайн болон төмөр замын бүтээн байгуулалт зэрэг томоохон ажил, төслүүдийн үр дүнг товч танилцуулж, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг оновчтой бодлогоор дэмжиж, зээлийн хүүг жил бүр бууруулах бодлого барьж байна. Зээлийн хүү одоогоор 1 хувь буураад байна. Жил бүр нэг хувиар бууруулж, цаашид 1 оронтой тоонд хүргэхээр төлөвлөж байна гэлээ.


Бүх шатанд сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй талаар хэлэхдээ Улсын Их Хурал сахилга, хариуцлага, ёс зүйг сахих үлгэр дуурайл болж ажиллахыг тэмдэглээд, Улсын Их Хурлын гишүүд хуралдаанд өндөр ирцтэй оролцож, хуралдаан бүр цагтаа эхэлдэг болсныг танилцууллаа.


Сахилга, хариуцлага, ёс зүйг бүх шатанд хэвшүүлэх хүрээнд Улсын Их Хуралд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог байгуулснаар өмнө зөвхөн Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн асуудлыг авч үздэг байсан бол одоо төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийг хариуцаж, нийт төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хамаарах болсон төдийгүй төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг гаргахаар ажиллаж буйг хэлэв.



Мөн цаасгүй, цахим парламент болохыг зорьж, иргэд хуулийн төсөл боловсруулах шатанд ч саналаа өгөх бололцоотой гэв. УИХ-д шинээр байгуулсан Инновац, цахим бодлогын байнгын хороо улс орны хэмжээнд цахим шилжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хариуцаж, төрийн үйлчилгээг иргэд цахимаар авах боломжийг бүрдүүлнэ гэв.


Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хуулийн реформ хийх хүрээнд энэ намрын чуулганаар 112 хууль батлахаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын дүүргүүд хотын статустай болж хөгжих цоо шинэ боломж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бий болсон талаар, мөн уг өөрчлөлтөөр байгалийн баялаг төр, ард түмний мэдэлд байж, ард түмний төлөө зарцуулагдахыг онцлоод, Салхитын мөнгөний ордоос ахмадуудын тэтгэврийг тэглэсэн төдийгүй ирэх 5 дугаар сар гэхэд тэтгэврийн зээл аваагүй иргэдэд 1 сая төгрөг олгох асуудлыг шийдэж байгаа нь үүний нэг тод жишээ болно гэлээ.


Түүнчлэн дэлхийн боловсролын шилдэг ололтоос авахыг нь авч, өөрийнхөө боловсролын шилдэг арга барил, онцлогийг шингээсэн, дэлхийн тэргүүлэх түвшинтэй эн зэрэгцэхүйц Монгол боловсролын сайн тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгааг хэлсэн юм. 



Иргэд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох, бичил уурхайчдыг дэмжих, уурхайчдын нөхөн олговор нийгмийн асуудлыг шийдэх, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих төрийн хүнд суртлыг арилгах зэрэг зэрэг асуудлыг хөндөж, саналаа хэлж, асуулт асуусан юм. Тухайлбал, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн н.Ганчимэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад чирэгдэл ихтэй, эмийн хөнгөлөлтөөр авах эмийн хангамж хүрэлцээгүй байдаг талаар хөндсөн. Иргэн н.Сүхбат, Жавзанпагма нар тэтгэврийн мөнгө амьдралд хүрэлцэхгүй байгаа тул нэмэгдүүлэх хэрэгтэй талаар өөрсдийн саналыг хэллээ. Мөн иргэн н.Ганболд Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байдгийг хэлж, уурхайчдад олгох нэг удаагийн нөхөн олговрын асуудлыг шийдэхэд УИХ-ын даргыг анхаарал хандуулахыг хүслээ. Түүнчлэн иргэд түрээсийн орон сууцны хөтөлбөрийг Налайх дүүрэгт хэрэгжүүлэх, хүн амын суурьшил нэмэгдэж байгаатай холбоотойгоор хилийн цэсийг өөрчлөх, газрын зохион байгуулалтыг сайжруулж, дэд бүтэц хөгжүүлж, газар өмчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. 


УИХ-ын гишүүн С.Амарсайхан, “Налайх дүүрэгт 1500 хүний ажлын байрыг бий болгох сайжруулсан түлшний үйлдвэр ирэх сард ашиглалтад орно. Олон улсын стандартад нийцэхүйц чанартай түлш үйлдвэрлэж экспортод гаргах боломжтой болно. Бичил уурхайчид ирэх оноос түүхий нүүрсийг олборлох боломжгүй болох учраас ЖДҮ-ийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж заасан. 1990-ээд оны дунд үеэс уурхайнууд хувьчлагдаж, тэнд ажиллаж байсан ахмад болон хөдөлмөрийн чадвараа алдсан зарим уурхайчдын тэтгэвэр, тэтгэмжийн асуудал эзэнгүй үлдсэн. Үүнийг Засгийн газар, холбогдох яам агентлагуудтай ярилцаж, шийдлийг олохын төлөө ажиллана” хэмээн иргэдийн асуултад хариулт өглөө. 


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2020 онд даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 34.9 тэрбум төгрөг төсөвлөж, улсын хэмжээнд гэрээ бүхий 1017 эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эм олгож байгаа. Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээрээ санхүүждэг болно. Ингэхээр иргэд эмчилгээ, үйлчилгээг өөрийн хүссэн эмнэлгээсээ авах боломжтой болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. 


Налайхын дулааны станцын ажилтай танилцав


УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайхын дулааны станцын үйл ажиллагаатай танилцлаа. Налайх дүүрэгт төвлөрсөн дулаан хангамжийн зуух барих БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 317 тоот тогтоолоор “Налайх тосгоны Дулааны станц” нэртэйгээр ДКВР-10-13 маркийн хоёр зуухыг бусад төхөөрөмжийн хамт тэр үеийн Зөвлөлтийн барилгын 2-р трестийн хамт олон барьж ашиглалтад оруулж байжээ. 



1995 оны 10 дугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар Монгол-Энергострой байгууллагын барилгачид жилд 170 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий КВТС-20-150 маркийн гурван зуух, дулааны төв шугамын хамт иж бүрнээр барьж ашиглалтад оруулснаар Налайх дүүргийг дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун усаар бүрэн хангаж, дэд бүтэц хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Одоо уг дулааны станцыг шинэчлэх, өргөтгөл барих хөрөнгө оруулалтыг шийдэх шаардлага үүсээд байгааг гишүүдэд хэлсэн юм. 


Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаагатай танилцаж,  холбогдох хууль тогтоомжид оруулах өөрчлөлтийн талаар санал солилцлоо


УИХ-ын хянан шалгах чиг үүргийн дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрхзүйн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцтай танилцсан юм. Тодруулбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, ажиллалаа. 



Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын дарга С.Батжаргал паркийн танилцуулгыг тавьж, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт болон холбогдох дүрэм журмуудыг гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.


“Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулсан. Уг парк нь Налайх дүүргээс 8 км, Улаанбаатараас 35 км зайтай. Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк цогцолборыг хөгжүүлэх төслийн хамрах талбай нь 250 га байхаар тооцжээ. 2014-2016 онд 120 га талбайд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажлууд хийгдсэн. 2016-2020 онд энэ га талбайд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд явж байна. Цаашлаад 2020-2024 онуудад 130 га талбайд тус паркийн өргөтгөл байгуулах ажлууд үе шаттайгаар хийгдэнэ. Одоогоор паркт байршихаар хүсэлт өгсөн 80 аж ахуйн нэгжээс үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан 21 аж ахуйн нэгж байна. Ашиглалтад орсон хоёр үйлдвэр бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 2020 онд ашиглалтад таван үйлдвэр оруулахаар бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн” гэдгийг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын дарга С.Батжаргал өглөө.


Одоогоор паркад байрших үйлдвэрүүд түр байрлах 660 м2 оффис, үйлчилгээний барилга угсралтын ажил хийгдэж ашиглалтад орон үйл ажиллагаа хэвийн явагдаж байна мөн Налайх 110/35/10 кВ-ын дэд станцаас тэжээлийг татаж КТПН /хуваарилах байгууламж/-г барин эхний ээлжийн үйлдвэрүүдийн барилга барихад  шаардлагатай цахилгаан эрчим хүчний асуудал бүрэн шийдвэрлэсэн. Ерөнхий төлөвлөгөөнд заагдсан эхний ээлжийн үйлдвэрүүдийг усаар хангах 2 ширхэг гүний худгийг барьж ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгчээ. Цаашид дэд бүтцэд 88 орчим тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа. 


Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн ажил дуусахаар 100 айлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг нүүлгэж эхлүүлэх юм байна. 


Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нар Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт ашиглалтад орсон үйлдвэрүүд болон одоо ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсов. Тухайлбал, Зэс утас, гуулин трубаны үйлдвэр эрхлэгч болон автомашины хаягдал дахин боловсруулах, бетон зуурмагийн үйлдвэр гээд олон чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулж, санал солилцсон юм. Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк бүрэн ашиглалтад орсноор Монгол Улсын Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын хөгжилд өндөр хувь нэмэр оруулахаас гадна барилгын материалын салбарт инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтэрч төвийн бүсийн болон Улсын хэмжээний тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах аж. Мөн Монгол Улсын Барилгын материалын үйлдвэрлэл дунджаар хоёр дахин нэмэгдэж, 1500 орчим ажлын байр шинээр бий болно. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, агаар хөрсний бохирдлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулах юм байна.


УИХ-ын дарга Г.Занданшатар паркийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын байгууллагуудтай холбогдож, төслийн үйл явцад дэмжлэг авахыг зөвлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ