Армени, Азербайжан Уулын Карабахад гал зогсоохоор тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-10 10:35:12

МОСКВА. /RIA Novosti/. Азербайжан, Армени 10 дугаар сарын 10-ны 12:00 цагаас эхлэн Уулын Карабахад гал зогсоохоор тохиролцлоо гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва хотод 10 цаг үргэлжилсэн хэлэлцээний дараа мэдээлэв..


“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний уриалгын хариуд болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев, Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхий сайд Никол Пашинян нарын хэлэлцэн тогтсоны дагуу талууд дараах алхмуудыг хийхээр тохиролцов. Нэгдүгээрт, дайнд олзлогдогсод, олзны бусад хүмүүс болон амиа алдсан хүмүүсийн цогцсыг Олон улсын Улаан Загалмай Нийгэмлэгийн зуучлалтайгаар солилцох хүмүүнлэгийн ажиллагааны үүднээс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12:00 цагаас эхлэн гал зогсоох болсныг зарлаж байна” гэж Лавров хэлжээ.


Баку, Ереван мөн "энх тайван тогтоох шийдэлд аль болох түргэн хүрэх зорилгоор хэлэлцээг бодитоор" эхлүүлэхээр тохиролцжээ. Үүний зэрэгцээ талууд Карабахын асуудлаарх хэлэлцээний үйл явцын хэлбэрийг өөрчлөхгүй гэдгээ нотолсон байна.


Хамтарсан баримт бичигт дурдсанаар, гал зогсоох талаарх нарийвчилсан заалтуудыг нэмж зөвшилцөхөөр болжээ. Уулын Карабахын байдлын асуудлаар хийсэн ОХУ, Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нарын уулзалт хаалттай болсон байна.


Карабах дахь хурцадмал байдал

Уулын Карабахын зааглах шугамд зэвсэгт мөргөлдөөн есдүгээр сарын 27-нд эхэлсэн юм. Байлдааны ажиллагаа эхэлсэн ням гаргийн өглөө Азербайжаны Батлан хамгаалах яам “тус улсын Зэвсэгт хүчин фронтын нийт шугамын дагуу сөрөг довтолгоо хийж байна” гэж мэдээлсэн бол Армений Батлан хамгаалах яам “Уулын Карабах /Арцах/ ба Азербайжаны хилийн нийт шугамын дагуу байлдааны ажиллагаа явагдаж байна” гэж мэдэгдэж, улмаар хоёр улс дайны байдал зарлаж, дайчилгаа явуулсан билээ. Энгийн иргэд шархдаж, амиа алдсан тухай  хоёр тал хоёул мэдэгдсэн юм. 


ОХУ, АНУ, Францын удирдагчид сөргөлдөгч талуудад зэвсэгт мөргөлдөөнөө зогсоож, урьдчилсан болзолгүйгээр хэлэлцээ хийхийг уриалж байв. Үүний зэрэгцээ Турк улс Уулын Карабахын мөргөлдөөнд Азербайжанд дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ.


ЗХУ-ын үед Уулын Карабах нь Азербайжаны нутаг дэвсгэр дотор өөртөө засах эрхтэй муж байсан юм. 1988 онд Уулын Карабахын өөртөө засах муж Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч буйгаа мэдэгдсэний дараа Карабахын мөргөлдөөн эхэлжээ. 1992-1994 онд болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр Азербайжан Уулын Карабах болон түүнтэй зах нийлсэн долоон нутагт хяналтаа алдсан байна. Карабахын мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах хэлэлцээг ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн хүрээнд 1992 оноос хойш явуулж буй юм. Тус бүлгийг ОХУ, АНУ, Франц улс хамтран даргалдаг байна. 

Холбоотой мэдээ