Б.Лхагвасүрэн гуайн шүлгийг монгол бичгээр ханьдаа бичиж дурсгасан маань их урам хайрласан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УБТЗ ӨНӨӨДӨР
khandmaa@montsame.gov.mn
2020-10-13 12:49:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ-ын Дархан өртөөний Тээшийн нярав Ц.Ганцэцэгийг ярилцахаар урилаа. Түүнийг цахим орчинд эрчээ авсан  монгол хэл, бичгийг хайрлан хамгаалах уриалга бүхий "Save The Mongolian Language" хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийлэн босоо монгол бичгээр "Монгол хэл бичгээ хамгаалъя" хэмээн уран гоё бичиж "Улаанбаатар төмөр зам ХНН" фэйсбүүк группт оруулснаар нь олон хүн мэдэх болсон. Ингээд түүнтэй  ярилцсанаа хүргэе.

       -Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Цахим орчинд босоо монгол бичгээрээ уран гоё бичиж оруулсан уриалга тань төмөр замчдын дунд үндэсний өв соёлоороо бахархах үзлийг улам бүр нэмэгдүүллээ гэж харсан?

       -Баярлалаа. Би 2006 онд УБТЗ-ын “Салхит” өртөөнд ачаа вагон хүлээлцэгчээр анх ажилд орсноос хойш өнөөдрийг хүртэл УБТЗ-д 14 жил тасралтгүй ажиллаж байна. Одоогоос 20 жилийн өмнө Чой.Лувсанжав багшийн нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуулийг Япон хэл-Монгол судлаач мэргэжлээр төгссөн. Хэдий төмөр замчин болж, үндсэн мэргэжлээрээ ажиллах завшаан гараагүй ч  монгол бичиг үргэлж сэтгэл зүрхэнд минь уяатай явдаг.


       -Мэргэжлийн сургуулийг нь төгссөн ч тэс өөр салбарт ажиллаж байгаа хүний хувьд байнгын оролдлогогүй бол амархан мартагдах байх. Тэр тусмаа өндөр ур чадвар шаарддаг каллиграфаар уран гоё бичиж байгаа нь магадгүй таны хувьд хобби болгон хөгжүүлсэнтэй холбоотой болов уу?

      -Ер нь, би уран зураг, дуу хөгжим гээд урлаг уран сайханд их дуртай. Каллиграф бичлэг сонирхож эхлэхэд хань минь их нөлөө үзүүлсэн. 2012 оны шинэ жилээр миний хань “Байгууллагын аварга”-аар тодорч шагнал авах болов. Тухайн үед би том хүүгээ төрүүлээд жирэмсний амралттай байсан учраас ханьдаа ямар бэлэг өгч болохыг эртнээс бодсон. Ямартаа ч гоё сэтгэгдэл төрүүлэхээр романтик гэнэтийн бэлэг байх ёстой. Ингээд Б.Лхагвасүрэн гуайн “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлгийг каллиграфаар бичиж өгөх санаа төрөв. Энэ санааг олсон цагаасаа эхлэн өдөр бүр бичдэг боллоо. Нэг л сэтгэлд хүрдэггүй. Хань минь ээлжийн ажилтай тул орой ажил руугаа явахад нь хүүгээ унтуулчихаад л бичээд суучихна. Олон ч өдөр ноороглож, их ч цаас урж хаясны эцэст сая нэг юм санасанд жаахан ойртохоор нь муутуу цаасан дээр буулган, түүнийгээ жаазлаад нуучихсан. Удалгүй шинэ жилийн баяр болж хань минь шагналаа гардан авахаар үдэшлэгт явлаа. Би ч гэмгүй сайхан үдэж өглөө. Дараа нь, хүүгээ ээждээ үлдээгээд араас нь гарч хамт олных нь дунд бэлгээ гардуулж өгөхдөө бичсэн шүлгээ ч бас уншиж өгөв. Намайг бэлгээ өгөөд тайзнаас буухад ажлын маань эгч нар "Ганаа, чи ёстой мундаг байлаа. Ямар гоё юм бэ. Бид хиймэл сормуусаа унатал уйллаа... гээд гүйж ирээд л баяр хүргэн үнсэцгээж билээ. Тэгэхэд ямар их хөөрч баярласан гэж санана.

 

       -Үүнээс хойш каллиграф бичлэгээ улам сайжруулахыг эрмэлзэв уу?

   

       -Тэр үдэшлэгээс хойш бас бус захиалга ч авсан гэж байгаа (инээв.) Ингэж л ханьдаа барьсан бэлэг минь надад том урам зориг өгч, сонирхлыг маань улам асааж өгсөн дөө. Гэхдээ заримдаа өөрийгөө чамлах, бусдаас сэтгэл зовох үе гардаг л юм. Учир нь, би чинь мэргэжлийн зураач, бичээч хүн биш шүү дээ. Тиймээс мэргэжлийн хүн үзвэл юу гэх бол гэхээс жаахан эмээдэг. Гэсэн хэдий ч урлаг соёлд дуртай зандаа хөтлөгдөөд бүр мөсөн хаяж бас чаддаггүй. Би монгол бичгээс гадна чөлөөт цагаараа тэмдэглэл хөтлөх дуртай. Нэг хэсэг шүлэг, яруу найраг оролдож "Ган үзэг" тэмцээнд ч нэг удаа орж үзсэн. Та хэрэв санаж байгаа бол “Захидлаар танилцсан бүсгүй” нэртэй өөрийн бичсэн нийтлэлээ 10 гаруй жилийн өмнө "Ган зам" сонинд өгч нийтлүүлж байлаа. Сүүлийн үед харин шүлэг зохиол ер оролдсонгүй. Хэтдээ боломж гарвал урлагийн зах зухаас суралцах юмсан гэх далдхан бодолтой явдаг. Ингэж чадаж гэмээнэ илүү эрх чөлөөтэй бичиж, сэтгэж чадах байх.

 

-Каллиграфаар бичихэд танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Юун түрүүн өөрийгөө маш сайн төвлөрүүлж чаддаг. Хэрэв ямар нэгэн зүйлд сатаарах буюу тав тухгүй орчинд бол санасандаа хүртэл бичнэ гэж хэзээ ч байдаггүй юм шиг санагдсан. Харин бичиж байх явцад илүү өөрийнхөөрөө сэтгэж, бодож өөрөөр хэлбэл дотоод ертөнц минь яг л байгаагаараа гарч ирэх шиг тийм сайхан мэдрэмж төрдөг. Бичиж дууссаныхаа дараа эргээд харахад Монгол хүн гэдгээ улам их мэдрэх шиг омог, бардам сайхан санагддаг даа. Би ханз үсгийг тодорхой хэмжээнд гадарлана. Бийрээр бас бичиж үзсэн. Хятад, япон ханзны бийрийн бичлэг гэж дэлхийд алдартай мундаг том соёл бий шүү дээ. Гэхдээ яагаад ч юм ханзны бичлэг миний сэтгэлд ер хүрээгүй. Мэдээж би өөрийн зүгээс байж болох бүхий л хэлбэр дүрс, хэмжээ, тэр ч бүү хэл бичихэд урамтай, эвтэй байж болох ханзаа хүртэл сонгон бичиж үзсэн. Гэвч монгол бичиг шиг минь сэтгэгдэл төрүүлж чадаагүй. Үнэнийг хэлэхэд сүүлийн гурван жил бараг бичсэнгүй. Би дээр хэлсэн шүү дээ. Өнөө л мэргэжлийн бус гэдэг шалтгаанаар жаахан эмээх болсон. Энэ бол миний цэвэр хобби болохоос ном дүрмийн дагуу хэн нэгнээр заалгаагүй зүйл. Дээр нь жинхэнэ урлагийн гэж өөрийгөө дүгнэх эрх надад байхгүй. Хүмүүс намайг үнэлж, бас итгэж байхад би түүнд нь бийр бэх нийлүүлэх төдий хандаж болохгүй биз дээ. Үгүй ядаж л би хожим харамсах болно. Харин өөрийн сонирхлын хүрээнд бас ур чадвараа сайжруулж, хөгжүүлэх үүднээс эвхмэл болон бусад сонин сайхан бичгийг сонирхон туршиж байгаа. Магадгүй, “Одоо л болох нь” гэж бодсон цагтаа "Надад тийм зүйл бичээд өгөөч" гэж хандсан нэгнийг цааш гэхгүй бичнэ гэж боддог.

       -Ханьдаа гэнэтийн бэлэг барьсан дурсамж тань их гоё сэтгэгдэл төрүүллээ. Нууц биш бол та хоёрын анх танилцсан түүхийг хуваалцаж болох уу?

       -Миний ханийг Баатарцогтын Энхсайхан гэдэг. Шарын гол, Дархан өртөөдөд өртөөний жижүүр, ХАБЭА-н инженер, Салхит өртөөний дарга зэрэг албан тушаалыг гүйцэтгэж байгаад 2017 онд эрүүл мэндийн шалтгаанаар групп тогтоолгосон. Ханьтайгаа анх танилцсан дурсамж их хөгжилтэй. Би 2009 онд Дархан өртөөнд ажиллахаар шилжиж очоод байлаа. Яг намайг шилжин очих үеэр хань минь ээлжийн амралтаа авсан байв. Би ч яах вэ дагалдан хүн шинэ газар, шинэ хамт олон гээд л дасаж сурах зүйл ихтэй, нэг хэсэгтээ л амьсгаа өндөр гүйлээ. Энэ зуурт шинэ хамт олны минь дунд Энхсайхан гэж нэг мундаг хүн байдаг бололтой гэх анхны сэтгэгдэлтэй боллоо. Зөвхөн өртөөнийхөн ч гэлтгүй машинч, вагон үзэгч нар хүртэл "Энхсайхан хэзээ ажилд орох вэ?", "Ээлж таарчихаасай, мундаг жижүүр шүү. Цуг гарахад урамтай байдаг юм" гээд л түүнийг үгүйлэн дурсах яриа ээлжинд гарч буй ажилтнуудын дунд яригдахыг сонсов. Нэг өдөр ажилдаа ирээд зааварчилгаа авахаар дадал ёсоор хамгийн эхний ширээнд суулаа. Дарга орж ирэнгүүтээ "За, Энхсайханы амралт сайхан уу?" л гэж байна. "Аан, нөгөө лут хүн нь ажилдаа орж дээ" гэж бодохтой зэрэгцэн яагаад ч юм сэтгэл хөдлөөд явчихав. Эргээд харах ч зүрх хүрсэнгүй. Ингээд зааварчилгаа авч ажилдаа гарахдаа зэрвэс харвал жигтэйхэн алаг нүдтэй хөөрхөн бор залуу байв (инээв). Нөгөө мундаг жижүүртэйгээ Дархан-2 өртөөнд цуг гарлаа. Тэр өдрийн ээлжийг ч ёстой үзүүлээд өгсөн дөө. Цуг гарч байгаа ээлж, хамт олны уур амьсгал хичнээн сайхан байсан гэж санана. Үнэхээр л бусдын магтаад байсан тэр ур чадвар, зохион байгуулалт, хамгийн гол нь хүнтэй харилцаж буй харьцаа нь маш гоё сэтгэгдэл төрүүлсэн. Дээрээс нь миний хань чинь ямар сайхан хүнгэнэсэн хоолойтой гэж санана. Би радио станц, чанга яригчаар ханийнхаа ярихыг сонсох их дуртай байв. Нэг удаа бид хоёр Дархан-1,2 өртөөнд тусдаа ээлжинд гарахад би ДНЦ-ийн холбоогоор ханийнхаа ярихыг нь сонсох гэж жижүүрийн дэргэд таг сууж байгаад цочитлоо загнуулж л байлаа. Ханийнхаа хоолойнд уяраад үндсэн ажлаа мартчихгүй юу (инээв). Ингээд л бид хоёр удалгүй нэгэн гэр бүл болж тэр сайхан дуу хоолойг нь 10 жилийн турш сонсож явна даа.

      -Таны үг өгүүлбэр бүхнээс "миний хань", "хань минь" гээд л нэг тийм агуу их нандин хайр мэдрэгдэх шиг. Танай гэр бүлд хэлж ирдэггүй хийсэж ирдэг аюулт өвчин тохиолдсон тухай та дээр цухас дурдсан. Нэлээд хэдэн жилийн өмнө хандивын аян төмөр замчдын дунд өрнөж байсныг сая саналаа. Гэхдээ л та хоёр даваад гараад ирсэн байна шүү дээ. Энэ бол яах аргагүй бие биенээ хайрлаж хүндлэх сэтгэлийн хүч юм болов уу?

        -Тийм ээ. Миний хань 2017 оны өвөл Энэтхэг улс руу явж элэг шилжүүлэн суулгах хагалгаанд ороод ирсэн. Мэдээж, тэр цаг үеийг төсөөлж хэлэх юм биш, ёстой л нөгөө “хөмөрсөн тогоо” шиг  л хүнд хэцүү өдрүүд байсан даа. Гэхдээ яагаад ч юм миний сэтгэлд үнэхээр л нэг итгэл, найдварын гэрэл гэгээ бадамлаад байсан. Магадгүй “цайчихсан” гэдэг шиг нэгэнт тэр хэцүү мэдээг сонсчихсон болохоор би одоо яах вэ? Ханийхаа төлөө юу хийж чадах вэ? Ямар нэгэн гаргалгаа заавал байгаа гэдэгт сэтгэл шулуудчихдаг юм билээ. Хамгийн гол нь хань минь тэвчиж, тэсч гараасай л гэж дотроо залбирч байв. Бидний Энэтхэг явах зорилгыг биелүүлэхэд ханийн минь эгч, донор болсон дүү минь, ангийнхан нь,  найз нөхөд, хамт олон нь гээд маш олон хүн тусалсан. Тэр хүмүүсийн сэтгэл зүрх, халуун сэтгэл үнэхээр бидэнд итгэл, урам зориг өгч, амьдрал бэлэглэсэн. Эмэгтэй хүн хэдийгээр сул дорой нэгэн боловч сэтгэл дотроос ундран гарах тэр хүч чадал, тэсвэр тэвчээр бол үр хүүхэд, хань ижил  нь юм байна гэдгийг би тэр үед сайн ойлгосон. Магадгүй, би эх хүн болоогүй байсан бол энэ бүгдийг даван туулах зүрх зориг минь хэдийнээ мохох байсан биз. Одоо ч гэсэн миний дотор “Амьдрал минь 10 жилийн өмнө 00-с эхэлж байсан. Гэр бүл минь л эрүүл саруул, амар амгалан байвал дахиад бүгдийг 00-с эхлэхэд саад болох зүйл байхгүй. Бүх зүйл сайхан болсны дараа энэ хүнд хэцүү өдрүүдээ “Тэр хэдэн жилүүдэд мөн ч хэцүү байж билээ” гээд аз жаргалтайгаар эргээд дурсана. Тийм өдөр заавал ирнэ" гэсэн сайхан бодол үргэлжид намайг урагш чиглүүлж байдаг. Хүний амьдрал хатуудаа хатуу зөөлөндөө бас зөөлөн шүү. Амьдрал ийм л сайхан...

        -Таны сайхан дурсамжид хөтлөгдөөд нэг л мэдэхэд энэ сэдэв рүү хазайчихлаа, уучлаарай. Одоо хоёул үндсэн сэдэв рүүгээ оръё. Та дээр тэмдэглэл хөтөлдөг тухайгаа цухас дурдсан. Өөр ямар зүйлд чөлөөт цагаа зориулахыг эрмэлздэг вэ?

         -Тэмдэглэл бичих, бийрийн бичлэг хийх, шүлэг яруу найраг оролдох гээд би ер нь, хэзээний л бичиг цаасны хоббитой, гээд аль болох үзэг цаастай л зууралдах гээд байдаг. Гэхдээ сүүлийн үед сонирхохгүй юмгүй болоод байгаа (инээв). Хөгжим дарж сурах, юм оёх, гадаад хэл сурах, иог фитнессээр хичээллэх гээд л... Ёстой зав нь байдаг бол алх дөш бариад ч явчихаас сийхгүй. Ямар нэгэн хэм хэмжээнд өөрийгөө барихыг хүсдэггүй сонин хүн л дээ. Үнэнийг хэлэхэд энэ бүхэнд зориулах зав хомсхон ч дуртай юмандаа хүн жаахан ч болов зав гаргадаг л юм. "Хийх хүн аргаа олж, хийхгүй хүн шалтаг олно" гэдэг шүү дээ. Харин энэ бүхнээс арай илүү нь миний хэдэн дэвтэр. 1997 онд хайрт аавыгаа бурхан болсноос хойш би өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Одоо эргээд харахад анхандаа хүүхэд зангаараа тоочиж бичдэг байсан юм билээ. Цаг хугацаа улиран одохын хэрээр өөрийн бодол саналаа эргэцүүлэн бичиж, хаа нэгтээ сэдэв, гарчиг тавин бичдэг болсон байна. Энэ нь, миний амьдралын бас нэгэн амтат хачир юмуу даа.

                                                                                                                                                                               Б.Дэлгэрхишиг

Холбоотой мэдээ