Л.Амартуяа: Санал авах байранд амны хаалт зүүх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2020-10-15 12:50:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 77 дугаар сургуулийн байранд байрлаж буй Баянгол дүүргийн сонгуулийн 24 дүгээр тойргийн 8 дугаар хорооны санал авах 3 дугаар хэсгийн байранд 12 цагийн байдлаар 339 иргэн саналаа өгөөд байв. Сонгуулийн хэсгийн ахлагч Л.Амартуяагаас зарим зүйлийг тодрууллаа. 

 

-Танай хэсэгт хэчнээн сонгогч саналаа өгөх вэ?

 

-Манай хэсгийн хороонд 2165 сонгогч нэрсийн жагсаалтад байна. Одоогийн байдлаар 331 сонгогч буюу 17.79 хувь нь саналаа өгөөд байна.

 

-Сонгогчид хэр идэвхтэй саналаа өгч байна вэ?

 

-Ирц их тааруу байна. УИХ-ын сонгуульд өдийд 40 хувийн ирцтэй байсан. СЕХ-ноос иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг уриалах хэрэгтэй байна.

 

-Залуучуудын оролцоо ямар байна вэ?

 

-Залуучууд их бага байна. Одоогоор 18-25 насны 21 залуу саналаа өгөөд байна. 26-40 насны 94 хүн, 41-55 насны 91 хүн, 56-аас дээш насны 118 хүн саналаа өгөөд байна. УИХ-ын сонгуульд залуучууд давамгай байсан. Орой 20.00 цаг хүртэл цаг хугацаа байгаа тул залуусыг өөрсдийнхөө төлөөллийг сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

-Зөөврийн саналын хайрцгаар урьдчилсан байдлаар хэчнээн иргэнээс санал авав?

 

-Хоёр иргэнээс авсан. 

 

-Хэсгийн хороонд ямар нэг зөрчил илэрсэн үү?

 

-Хэсгийн хороонд гарч буй хүндрэл гэвэл амны хаалтны асуудал гарч байна. Дүүргийн тойргийн хорооноос бололцооныхоо хэрээр хангаж өгсөн. Гэхдээ сонгогчид иргэний үүргээ биелүүлэн санал авах байранд амны хаалт зүүх шаардлагатай байна. Иргэд аль хэсгийн хороонд хуваарьтай байгаагаа мэдэхгүй байх, амны хаалтгүй ирэх тохиолдол гарч хэсгийн хорооны ажилтнуудад ааш аяг гаргаж байна. Тиймээс сонгууль өгөхөөр ирэдээ амны хаалт зүүх, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг баримтлах шаардлагатай байна.

 

Холбоотой мэдээ