Г.Нандинзаяа ДЦАШТ-д IV байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-23 12:38:35

Буудлага спортын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн /ДЦАШТ/ Германы Мюнхен хотноо болж эхний өдөр хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд 137 буудагч буудсанаас ОУХМ Г.Нандинзаяа 419,7 оноогоор финалд шалгарч, улмаар финалд 163,7 оноогоор 4 дүгээр байрт шалгарлаа.

Тэмцээнд 88 орны 738 мэргэн бууч цэц мэргээ сорьж, Монгол Улсаас Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар өрсөлдсөн юм.

Харин ням гарагт болсон 25 метрийн спорт гар бууны дасгалд 86 буудагч өрсөлдөж, ОУХМ Ц.Мөнхзул 575 оноогоор 36, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 570 оноогоор 45 дугаар байр эзэлжээ. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг нар баг тамирчдаа дасгалжуулсан байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ