Сургуулийн багшийн аминд халдсаныг террорист ажиллагаа гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-17 09:01:24

ПАРИС. /РИА Новости/. Парис хотын ойролцоох Конфлан-Сент-Онорин хотод нэгэн сургуулийн багшийн амийг хөнөөсөн хэрэг гарсныг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон террорист халдлага гэж үзэж байна. 


“Үг хэлэх эрх чөлөө, итгэх, үл итгэх эрх чөлөөний талаар хүүхдэд зааж сургасныхаа төлөө нэг иргэн амиа алдлаа. Амиа алдсан багш террорист халдлагын хохирогч болжээ” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Түүнчлэн террорист этгээдийг устгах шийдэмгий алхам авсан хууль сахиулахын ажилтнуудад Э.Макрон талархал илэрхийлжээ.


Үл таних этгээд Конфлан-Сент-Онорин хотын сургуулийн ойролцоо нэгэн эрэгтэйн амийг хөнөөсөн тухай өмнө нь мэдээлжээ. Халдлага үйлдсэн этгээдийг цагдаа нар буудсан байна. Энэ хэргийг прокурорын газрын террорист ажиллагаатай тэмцэх хэлтэс мөрдөн шалгаж байгаа аж. 


Хожим Францын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, амиа алдсан эрэгтэй багш байсан бөгөөд гэмт хэрэгтэн гэгдэж буй этгээд сурагч байсан байж магадгүй байна. Амиа алдсан багш сурагчиддаа үг хэлэх эрх чөлөөний талаар хичээл орж байсан бөгөөд энэ үеэрээ Бошиглогч Мухаммедийн шог зургийг үзүүлжээ. Зургийг үзүүлэхээсээ өмнө тэрбээр ислам шүтдэг сурагчидаа ангиас гарахыг сануулсан байна. 

Холбоотой мэдээ