Япон, Вьетнамын Ерөнхий сайд нар уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фуктай Ханой хотод даваа гарагт уулзжээ.
Сүга Ёшихидэ Засгийн газрын тэргүүний хувиар гадаадад хийх анхны айлчлалаа ням гарагт Вьетнамаар эхлүүлжээ. Вьетнам улс одоо Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоог (АСЕАН) даргалж байгаатай холбоотойгоор тэрбээр энэ улсад айлчилсан юм.
Яриа хэлэлцээний үеэр талууд Өмнөд Хятадын тэнгист Хятад улс үйл ажиллагаагаа нэмэгдүүлж буй энэ үед хууль тогтоомжид суурилсан чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг бий болгоход Вьетнамтай хамтран ажиллахаа батлан мэдэгджээ. Түүнчлэн аюулгүй байдлын салбарт Япон улс Вьетнамтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж буйг мэдэгдсэн байна.
Талууд Вьетнамд батлан хамгаалахын тоног төхөөрөмж шилжүүлэх явцыг идэвхжүүлэх тухай хэлэлцээрээс гадна технологийн салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ. Мөн Вьетнам улстай эдийн засгийн харилцаа холбоогоо бэхжүүлэхийг хүсэж байгаагаа Сүга илэрхийлэхийн сацуу цар тахал үргэлжилж буй энэ үед амны хаалт зэрэг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэлхээг бэхжүүлнэ гэж найдаж буйгаа цохон тэмдэглэв.