Монгол Улс, Хорват улс аялал жуулчлалын салбараа харилцан дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-19 16:51:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Хорват Улсын Аялал жуулчлал, спортын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд энэ сарын 15-нд Загреб хотноо гарын үсэг зурав.


Уг баримт бичиг нь хоёр улс аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх, чингэхдээ хамтарсан ажлын баг байгуулж, сайн туршлага нэвтрүүлэх, хуваалцах, дэмжлэг болж ажиллах суурь болох юм.



Харилцан тохиролцсон зорилтуудаа бодит үр дүн гаргаж хэрэгжүүлэх нь чухал гэдгийг баримт бичигт гарын үсэг зурсан Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг, Бүгд Найрамдах Хорват Улсын Аялал жуулчлал, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Томислав Дружак нар санал нэгтэй онцлов. Хорват Улс нь 4.1 сая хүн амтай бөгөөд сүүлийн жилүүдэд тус улсыг зорих жуулчдын тоо тогтвортой нэмэгдэж байна. Өнгөрсөн 2019 онд нийт 20 сая жуулчин хүлээн авсан ба аялал жуулчлалын салбарын орлого ДНБ-нийхээ 20 орчим хувийг бүрдүүлж байна.

Холбоотой мэдээ