Сүга Вьетнам, Индонезид айлчиллаа

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-10-21 13:13:07

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Вьетнам, Индонезийн удирдагчидтай уулзаж, чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийг цогцлоох чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.


С.Ёшихидэ Ерөнхий сайдын хувиар гадаадын орнуудад хийж буй анхны айлчлалаа өнгөрсөн ням гаргаас эхлүүлж, Вьетнам, Индонезид айлчилсан юм. Тэрбээр өнөөдөр эх орондоо эргэн ирэхээр товложээ.


Японы Ерөнхий сайд Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо нартай уулзаж, Өмнөд Хятадын тэнгист Хятадын үйл ажиллагаа өсөн нэмэгдэж буйд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.


Талууд Японоос батлан хамгаалахын техник хэрэгсэл шилжүүлэх зэргээр аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ дахин нотолжээ. Мөн коронавирусний цар тахлыг даван туулахад хувь нэмрээ оруулах зэргээр эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ.


Япон улсын хувьд тус хоёр орныг Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны гол гишүүд хэмээн үздэг. Японы төлөөлөгчдийн мэдээлснээр, Сүгагийн айлчлал Япон улс Энэтхэг-Номхон далайн бүсийн гишүүн орны хувьд бүс нутгийн асуудалд үргэлжлүүлэн ач холбогдол өгч буйг харуулжээ.


С.Ёшихидэ ирэх сард болох АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад хууль тогтоомж, навигацийн эрх чөлөө нь ихээхэн ач холбогдолтой болохыг онцлохоор төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ