Монгол, АНУ Эдийн засгийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-10-23 15:42:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын гуравдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр цахимаар болов.


Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, америкийн талын төлөөлөгчдийг Төрийн департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга хатагтай М.Сингх нар тус тус ахлав.


Талууд зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын макроэдийн засгийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчин, экспортыг төрөлжүүлэх, худалдааг дэмжих болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн стратегийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Түүнчлэн хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа мөн эмэгтэйчүүдийг чадавхжуулах, уул уурхайн аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах боломжийн талаар зөвлөлдөв.


Монгол Улс, АНУ-ын хооронд эдийн засгийн түншлэлийг өргөтгөх Замын зураглалыг хэрэгжүүлэх хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, хоёр талын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн ээлжит  уулзалтыг 2021 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар тохиров.


Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтыг 2015 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж байна.

Уулзалтад ГХЯ, ЕТГ, СЯ, Монгол Банк, ХЗДХЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ЭХЯ болон МХЕГ, америкийн талаас Төрийн департамент, Сангийн яам, Худалдааны төлөөлөгчийн газар, Худалдааны яам, Хөдөө аж ахуйн яам, Тээврийн яам, Хөдөлмөрийн яам болон АНУ-ын Хөгжлийн туслалцааны байгууллага, Мянганы сорилын сан зэрэг байгууллагын 50 орчим төлөөлөгч оролцов.

Холбоотой мэдээ