Шинжаанд шинж тэмдэггүй 138 халдвар тээгч бүртгэгдлээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-10-26 13:18:47

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Кашгар хотод коронавирусээр халдварласан шинж тэмдэггүй ч шинжилгээгээр халдвартай нь батлагдсан 138 тохиолдол бүртгэгджээ.

            Тодруулбал, энэ сарын 24-ний өдөр Кашгар хотын Шуфу суманд шинжилгээ өгөх шаардлагатай иргэдийн дунд явуулдаг тогтмол хугацааны шинжилгээний үеэр коронавирусний шинж тэмдэггүй нэг халдвар тээгч /17 настай, эмэгтэй/ илэрчээ. Улмаар дээрх хүнтэй ойр, харилцаатай байдаг иргэдийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулахад 137 хүнээс халдвар тээсэн нь батлагдсан байна.

            Дээрх тохиолдлууд нь бүгд анхны халдвар тээгчтэй холбоотой буюу түүний эцэг эхийн ажилладаг үйлдвэртэй холбоотой иргэд юм.

            Нийгмийн зүгээс дээрх 138 тохиолдол бүгд шинж тэмдэггүй байгаад анхаарал хандуулж байгаа бөгөөд энэ талаар Бээжингийн их сургуулийн нэгдүгээр эмнэлгийн амьсгалын замын өвчний мэргэжилтэн Ван Гуанфа хэлэхдээ, “Коронавирусний халдвар авсан хүн шинж тэмдэг илрэхээс өмнөх 2 хоногт тестийн хариу эерэг гардаг. Тиймээс дээрх тохиолдлуудыг маш эрт оношилсон байж болно, хоёрдугаарт, орон нутгийн хариу урвалын хурд өндөр учир өвчтөнийг шинж тэмдэг өгөхөөс өмнө илрүүлсэн байж болно. Гэвч энэ нь тэдгээр хүмүүст шинж тэмдэг илрэхгүй гэсэн баталгаа биш” гэжээ.

            Дээрх үйлдвэрийн ажилчид нь ихэнх нь нас залуу хүмүүс байсан учраас шинж тэмдэг илрэхгүй байх магадлал их байдаг талаар мөн мэргэжлийн хүн хэлсэн байна.

            ШУӨЗО-ны Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, тус үйлдвэрт ажилладаг нийт 831 ажилчныг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулсан бөгөөд бүх хариу сөрөг гарчээ.

            Гэвч энэ удаагийн халдварын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.

            Халдвар бүртгэгдсэний дараа Кашгар хотын дөрвөн бүс, газрыг өндөр эрсдэлтэй нутаг дэвсгэр рүү шилжүүлж, энэ сарын 27-ны өдрийн дотор хотын бүх иргэнийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа юм байна.

            Мөн Үндэсний эрүүл мэндийн хорооноос ажлын багийг тус бүс нутаг руу илгээсэн байна.  

Холбоотой мэдээ