Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэргэжлийн сургалтын төв хэрэгтэйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-10-27 15:54:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэргэжлийн сургалтын төв зайлшгүй хэрэгтэй байгааг өнөөдөр болсон “Асуудал шийдэл” сэдэвт уулзалтын үеэр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн багш Б.Энхмандах онцлов.


Тэрбээр мэргэжилтэй боловсон хүчин бэлдсэнээр баялаг бүтээгчдийг хөгжүүлнэ. Харин өөрчлөлт хийхгүйгээр явбал 10-20 жилийн дараа энэ хэмжээний халамж хүсэгчдийг бий болгоно гэдгийг тэмдэглэсэн юм.

Энэхүү уулзалтыг “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-ноос НҮБ-ын “Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй” уриан дор зохион байгуулав.


Улсын хэмжээнд нийт 107 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 11 мянга 800 нь харааны бэрхшээлтэй гэсэн тоо бий. Эдгээр  иргэний 5.4 хувь нь ажилтай, үлдсэн нь ажлын байрны асуудалтай байдаг аж.


Энэ үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Хөдөлмөрийн тухай хуулиар аж ахуй нэгж байгууллагууд 25 хүн тутамд  хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг ажилд авах үүрэг хүлээдэг. Биелүүлээгүй тохиолдолд нөхөн олговор төлдөг. Энэ төвлөрсөн хураамжаар бид эргээд нийгмийн асуудлыг нь шийдэх боломжтой. 2019 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд аваагүйн улмаас аж ахуй нэгжүүд нийтдээ 6.8 тэрбум төгрөгийг тодорхой санд байршуулсан байна” хэмээв.

“Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр”-ийн захирал З.Болдсайхан: 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд одоогийн байгаа ажлын байрны 800 сая нь байхгүй болно гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, сургалтад хамруулж мэргэжилтэй, ажиллах хүчин бий болгосон ч ажлын байргүй болчихвол яах вэ гэдэг асуудал гардаг. Иймээс зайны хөдөлмөр эрхлэлт, технологийн дэвшил, хиймэл оюун ухаан ашиглах чиглэлд хүмүүсээ сургаж, тохирох багш, хүний нөөцөө бэлдэх шаардлагатай. Жишээ нь, Япон, Америкт хараагүй програмистуудад зориулсан ажлын байр элбэг, бэлтгэгдсэн хүмүүс ч их бий. Техникийн чадвар эзэмшиж байгаа хүнд тогтвортой ажлын байр олдох магадлал өндөр юм.

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх-нийгмийн багшийн 3 дугаар дамжааны оюутан Т.Эрхэс: Монголд анх удаа МУБИС  хүртээмжтэй номын сангийн эхлэлийг тавьсан. Нийгэм хүмүүнлэгийн ухааны салбар унших зүйл ихтэй. Намайг нэгдүгээр дамжаанд ороход ямар ч сурах бичиг байгаагүй. 2018 онд Азийн хөгжлийн банк болон БСШУСЯ-наас зарласан төсөлд оролцож 8 сая 500 мянган төгрөгийн санхүүжилт авсан. Эхний ээлжинд шаардлагатай 70 номыг хувиргаад сургуулийнхаа номын санд хандивласан. Хувиргана гэдэг нь хавсралт үүсгэн электрон ном болгож компьютер руу оруулсан гэсэн үг юм. Энэ нь унших хурдыг нэмэх давуу талтай.

ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий: Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ирүүлсэн төслүүдээс сонгон шалгаруулж, хамгийн боломжтой төслүүдийг дэмжиж байна. Барьцаагүй, хүүгүй, 5 сая хүртэлх төгрөгийг 50 хувь эргэн төлөх нөхцөлтэй олгодог дэмжлэг юм. Энэ онд 2 тэрбум төгрөгийн төсөв ноогдсон ба одоогоор 695 иргэнд 1.9 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан. Зөвхөн санхүүгийн дэмжлэг олгохоос гадна иргэдийг аж ахуй эрхлэхэд шаардах ур чадвар эзэмших сургалтад хамруулах, хийсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулах үнэ төлбөргүй цэгийг аймаг, нийслэл, дүүрэг бүрт байгуулдаг. 

Т.Билгүүн

Гэрэл зургийг Н.Батбаяр






Холбоотой мэдээ