ЕБС-ийн тогооч нарыг мэргэшүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-10-30 17:05:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-наас сургуулийн тогооч нарыг мэргэшүүлэх эхний сургалтад нийслэлийн 18 сургуулийн 25 тогоочийг хамруулсан бол энэ удаагийн сургалтаар 21 аймгийн ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны нийт 300 тогоочийг хамруулж байна.


Тус сургалтыг “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай” хууль, Засгийн газрын 2020 оны 207 дугаар тогтоолоор баталсан “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор үе шаттай зохион байгуулж буй юм. 

 

Сургалтыг онолын болон дадлага ажил хэлбэрээр явуулж, сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөх эрх зүйн орчин, хоолны жор технологи, шим тэжээлийн тооцооллыг боловсруулах, бэлтгэх арга аргачлалд суралцах, дотоод хяналтыг хэрхэн тавьж, хоол хүнсний аюулгүй байдлыг хангуулах талаар мэдээллийг хүргэж, дадлагажуулах ажил хийх юм.

 

Сургалтыг зохион байгуулснаар ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны тогооч нарын мэдлэг ур чадвар дээшилж, суралцагчдыг эрүүл, шим тэжээллэг хоол хүнсээр хангахад дэмжлэг болно гэж салбарын яам үзэж байна.


Холбоотой мэдээ