Төрийн алба хаагчийн шалгалт өгөх иргэдэд сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-03 14:58:33

Дорнод /МОНЦАМЭ/. Төрийн албаны Ерөнхий шалгалт өгөх иргэдэд мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй явуулж байна. Төрийн албанд орж ажиллах хүсэлтэй иргэн төрийн албаны шалгалтыг өгч тэнцсэнээр эхний удаад төрийн албаны нөөцөд бүртгэгддэг. Дараа нь төрийн албаны тусгай шалгалт өгч, тэнцэн өөрийн мэргэжлийн дагуу тухайн зарлагдсан ажлын байранд томилогдох боломж бүрдэх юм.

Дорнод аймгийн хэмжээнд өнгөрсөн оны 11 дүгээр сард дээрх шалгалтад 175 иргэн орсноос 9,1 хувь буюу 16 нь тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгджээ. Дийлэнх нь шалгалтад унаж байгаа учир аймгийн Засаг даргын санаачилгаар ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Төрийн албаны салбар зөвлөлтэй хамтран энэ удаагийн шалгалтад хамрагдах иргэдэд мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байгаа гэв. Энэ сарын 6,7-ны өдрүүдэд 10 ээлжээр зохион байгуулах Төрийн албаны ерөнхий шалгалтыг өгөхөөр 316 иргэн бүртгүүлснээс 163 нь одоогоор сургалтад хамрагдаж байна. Төрийн албаны шалгалтад ороход зайлшгүй шаардлагатай хичээл, холбогдох хуулийн талаарх агуулга бүхий гурван өдрийн сургалтыг Дорнод Их сургуулийн багш нар, зарим агентлагийн дарга, мэргэжилтнүүд явуулж байгаа аж.

Холбоотой мэдээ