Исландын Ерөнхийлөгч өөрийгөө тусгаарлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-11-04 11:51:27

РЕЙКЬЯВИК. /CNN/. Исландын Ерөнхийлөгч Гвюни Йоуханнессон өргөөний нэгэн ажилтнаас нь “COVID-19” халдвар илэрсэн тул энэ сарын 9 хүртэл өөрийгөө тусгаарлахаар болжээ.


“Ерөнхийлөгчид халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд гэр бүлийнхэн нь тусгаарлагдах шаардлагагүй” гэж түүний ажлын албанаас өнөөдөр мэдээлсэн байна.


Исландад өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдлын тоог бууруулахын тулд 10 дугаар сарын 31-нээс коронавирусний халдварын тархалтыг сааруулах хязгаарлалтуудаа чангатгажээ.


Энэ сарын 17 хүртэл тогтоосон шинэ дүрэм журмын дагуу 10 хүн нэг дор цуглахыг зөвшөөрч, спортын бүх үйл ажиллагааг хориглосон байна.


Исландад цар тахал дэгдсэнээс хойш 4957 хүн халдвар авч, 17 хүн нас барсан гэж тус улсын Засгийн газар мэдээлжээ. 

Холбоотой мэдээ