Шинжааны Кашгарт гарсан халдвар нь долоодугаар сард Өрөмчид гарсан халдвартай холбоогүй

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-11-06 13:45:17

Бээжин /МОНЦАМЭ/. Шинжаан Уйгарын өөртөө засах орны /ШУӨЗО/ Кашгар хотод гарсан коронавирусний халдварын эх үүсвэрийг тодруулахаар вирусний генийн дарааллын шинжилгээ хийж үзжээ. Энэ үеэр тус халдвар нь энэ оны 7-р сард Өрөмч хотноо гарсан халдвартай хамааралгүй гэдгийг тогтоосон байна.


ШУӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэлийн албанаас өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулсан бөгөөд энэ үеэр тус өөртөө засах орны Өвчнийг хянах төвийн дарга Цуй Янь Кашгар хотын Шуфу суманд гарсан халдварт вирусний генийн шинжилгээ хийсэн талаарх мэдээллийг танилцуулав. Тодруулбал, вирусний генийн дарааллын шинжилгээ хийхэд урьдчилсан дүнгээр энэ удаагийн халдвар нь 7-р сард Өрөмч хотод гарсан халдвартай хамааралгүй гэсэн дүн гарсан байна.


Тэрээр хэлэхдээ “Одоо байгаа өгөгдлүүдэд цогц шинжилгээ хийж үзэхэд Шуфу сумын Жанмин суурингийн Санцунь үйлдвэр нь энэ удаагийн халдварын голомт байх магадлалтай байна. Бид дараагийн алхамдаа байгууллагуудад байгаа материалыг нэгтгэж, техник технологийн тусламжтайгаар ул мөрийг эрэн хайх ажлыг хийх болно” гэжээ.


Хятадын эх газарт өчигдрийн байдлаар шинээр коронавирусний халдвар авсан 36 тохиолдол бүртгэгдсэнээс дотоодын гаралтай зургаан шинэ тохиолдол ШУӨЗО-д бүртгэгдсэн байна. Үлдсэн 28 тохиолдол нь бүгдээрээ гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байжээ.   

Холбоотой мэдээ