Өрхийн ЭМТ-үүд гэрийн эргэлтийн горимд шилжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-14 20:43:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдааны дараа хэвлэл мэдээллийн байгууллагуудад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Аймгийн хэмжээнд хяналтын 89 пост ажиллаж, 400 орчим албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Эрүүл мэндийн газарт "Эрүүл мэндийн штаб" ажиллаж байгаа бөгөөд 70442549, 70440006 дугаарын утсаар зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа аж. 

Мөн аймгийн ӨЭМТ-үүд тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн болон амаржсан эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудын үзлэгийг гэрийн эргэлтийн горимд шилжин хийж байна.

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн короновирусний батлагдсан тохиолдлын хавьталтай иргэн Баянхонгор аймагт тусгаарлагдсан талаар аймгийн Онцгой комисс мэдээлэв. Тодруулбал, дээрх тохиолдлын Дархан-Уул аймагт зорчсон маршрутаар тухайн иргэн явсан байх ба ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч тусгаарлалтад байлган, сорьц авч шинжлэхэд эхний байдлаар вирусний халдвар илрээгүй байна. Тухайн иргэн энэ сарын 10-нд Баянхонгор аймагт ирсэн бөгөөд холбогдох албаныхан тандалт судалгааг заавар, журмын дагуу авч ажиллаж байна.

Ташрамд дуулгахад, Баянхонгор аймгийн Онцгой комиссоос Хэвлэл мэдээллийн байгууллагуудад өдөр бүр, тогтсон цагт цаг үеийн мэдээлэл өгч байхаар шийдвэрлэжээ.

 

Холбоотой мэдээ