Жирэмсэн, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг гэрээр ажиллах боломжоор хангахыг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-17 09:08:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс энэ сарын 16-ны өдрийн орой ээлжит 30 дугаар хуралдаанаа хийж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:

1. Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасантай холбогдуулан аймгийн хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, хуулийн этгээдийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.

2. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд аймгийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан хурим найр, сургалт, жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, дугуйлан, соёл урлаг, биеийн тамир, спортын аливаа үйл ажиллагаа зохион байгуулах, цахим тоглоом, баар, караоке, шашны байгууллагууд, /сүм, хийд, мөргөлийн газрууд/ биллиард, саун, фитнесийн үйл ажиллагаа явуулахыг тус тус хориглов.

3. Ресторан, зоогийн газрын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, өглөөний 10 цагаас оройн 18 цагийн хооронд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан ажиллуулахаар болов.

4. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг хязгаарласан хугацааг ирэх сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгаж, сум хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

5. Ирэх сарын 1-ний өдрийг хүртэл архи, согтууруулах ундаа худалдахыг хориглов.

6. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын хавсралтад заасан “Хязгаарлалт тогтоохгүй хэвийн ажиллах төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн жагсаалт”-д багтсанаас бусад байгууллагын удирдлагуудад жирэмсэн болон 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй /өрх толгойлсон эцэг/ ажилчдыг гэрээсээ ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгав.

7.Төрийн болон үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж буй иргэд болон ажиллагсдын биеийн халууныг хэмжиж нэвтрүүлэх, гарыг ариутгах, амны хаалтны хэрэглээг хэвшүүлэх, амны хаалтгүй, биеийн халуунаа үзүүлэхээс татгалзсан иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй байхыг үүрэг болгов.

8. Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх зориулалтаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр үйлчилгээний газрын үйл ажиллагааг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түр зогсоох шийдвэр гаргалаа.

9. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлж онцын шаардлагагүй бол гадуур явахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гудамж талбай, олон нийтийн газраар явуулахгүй байхыг нийт эцэг, эх, асран хамгаалагч нарт уриаллаа.

Холбоотой мэдээ