Манхан сумын 90 орчим хувийг захчин ястан эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-05-27 10:55:25

Ховд аймгийн Манхан сум нь Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд Чандмань уулын Ханбаатар хайрхан уулын хошуу тус бүрээс 50 өрхийг нэгтгэж 10 баг болгон үүсгэн байгуулжээ.

1930-аад он хүртэл тогтсон нэргүй байсан ба тухайн үед харьяалан захирч байсан ноёд, зангиудын нэрээр Ноёны хошуу гэх мэтээр нэрлэж байв.

1930 оноос сумын нэрийг нутгийн хойт зүгт орших тахилгат уул болох Манхан уулын нэрээр Манхан уулын сум гэж нэрлэж байгаад явцын дунд уулын гэдэг үг нь гээгдэж Манхан сум болжээ.

Анх сумын төвийг Зэргийн гол хэмээх газар байрлаж байгаад 1932 онд Баянтүмбэ уулын ард Төгрөгийн голын хөвөөнд суурьшсан байна.

Сумын төв нь бүх талаараа уулсаар хүрээлэгдсэн байх ба хойноос урагш 80 гаруй км, баруунаас зүүн тийш 90 гаруй км сунаж тогтсон 4,330 км² газар нутагтай. Нийслэл Улаанбаатар хотоос 1336 км, аймгийн төвөөс 84 км зайтай.

2011 оны байдлаар 4000 гаруй хүн амтай ба нийт хүн амын 90 орчим хувийг Захчин ястнууд эзэлдэг. Захчид нь Монголын үе үеийн түүхэнд амь бие үл хайрлан зүтгэж ирсэн баатарлаг түүхтэй ястан юм.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ