ВВС: Трамп явсны дараах Америк орон

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2020-11-23 15:35:38

Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан, гэхдээ Ардчилсан намынхны хүсэн хүлээж байсан шиг цочирдмоор ялагдал хүлээгээгүй. Зарим муж улсад хоёр нэр дэвшигчийн авсан саналын тооны зөрүү 0,5-3 хувь байсан бол зарим газарт саналыг дахин тоолохоор болж байна. 


Нийтдээ Жо Байдены төлөө 76,9 сая хүн саналаа өгсөн бол Дональд Трампыг 71,9 сая америкчууд дэмжлээ. 2016 оны сонгуультай харьцуулахад Трампын төлөө саналаа өгсөн хүмүүсийн тоо 5 саяар илүү байна. Энэ нь түүнийг дэмжигчдийн тоо өссөн гэсэн үг биш, харин сонгуулийн ирц урьд хожид үзэгдээгүй өндөр байснаас шалтгаалсан байж болох юм. Наанадаж хэлэхэд, түүнийг засгийн эрхэнд үлдээхийн тулд хүмүүс санал хураах байранд очихоос огт залхуурсангүй.


Тэгэхээр явж буй Дональд Трамп ямар Америкийг үлдээж байна вэ? БНН дахь улс төрийн нөлөөгөө тэрбээр хадгалж чадах уу? Түүнийг залгамжлах ерөнхийлөгчийг ямар асуудлууд хүлээж байна вэ?


Урьд хожид үзэгдээгүй хагарал


Энэ удаагийн сонгуулийн үеэр ил болсон хамгийн том нээлт гэхээр зүйл бол түүнд хоёр өөр Америк оролцсон явдал юм. Энэ бол мэдээжийн хэрэг, намын харьяаллын тухай асуудал биш, харин бүгд найрамдахчууд ба Ардчилсан намынхан бие биенийгээ хүлцэн тэвчдэггүй тухай яриа юм. 


“Иргэний дайны үеэс хойш нийгэмд ийм хүчтэй хагарал гарч байгаагүй санагдана. Ийм мухардлаас гарахын тулд бусдыг араасаа дагуулж чадах манлайлагч ба түүнийг даган дэмжигчид байх хэрэгтэй. Гэтэл аль аль талд нь ийм хүмүүс алга” гэж Виржинийн их сургуулийн түүхч Барбара Перри үзэж байна. 


“Трамп засгийн эрхэнд гарахаас өмнө Америк орон хуваагдчихсан байсан. Энэ нь Трамп ерөнхийлөгчөөр сонгогдох шалтгаан байсан. Харин одоо Америкийн нийгэм дэх нөхцөл байдал Трамп үлдэх үү, эсвэл Трамп явах уу гэдгээс шалтгаалахгүй. Хүмүүс юунд анхаарлаа төвлөрүүлэх вэ гэдгээ мэдэхгүй байгаа үед бид амьдарч байна” гэж Гузоны улс төрийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Дэвид Саттер дүгнэн хэллээ.


“Хүйсийн эрх тэгш байдал, үндэстнүүдийн тэгш эрх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо зэрэг нь маш чухал асуудлууд мөн. Эдгээрийг зөвхөн амьдрах чадвартай ардчилсан тогтолцооны үед л шийдвэрлэх боломжтой. Гэтэл асуудлыг шийдэхийн тулд хүмүүс ардчилсан бус аргыг хэрэглэх нь улам түгээмэл болж байна. Энэ нь оюун санааны маш таагүй үр дагаварт хүргэнэ” гэж Саттер ярьж байна.


Нийгмийн шалгарал


Ямартаа ч өнөөгийн энэ хагарлыг өмнөх нөхцөл байдалтай харьцуулах аргагүй. Энэ хагарал бол илүү өргөн хүрээтэй, илүү хатуу ширүүн үйл явц мөн. Сүүлийн хэдэн сарын хугацаанд 20 гаруй хот болон Аризона муж улсад бүхэлд нь хөл хорио тогтоож, АНУ-ын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт Үндэсний гвардийн үйл ажиллагаа идэвхжиж байсан.


Олон түүхч, улс төр судлаачдын үзэж байгаагаар, өдгөө традиционализм /уламжлалыг дээдлэх үзэл/ ба прогрессивизмын /илүү сайн нийгмийг бий болгохын тулд эрс өөрчлөлт хийх ёстой гэсэн үзэл/ хооронд дайн болж байна.Трамп бол Америкийн нийгмийн байгууллыг тус улсыг үндэслэгч өвөг дээдсийнхээ нүдээр харж буй анхны удирдагч /сүүлийн 60 жилийн хугацаан дахь/ юм. Энэ нь үндэсний онцлог байдлын талаарх асуудлаар нийгмийг хуваагдалд хүргэлээ.    


Өмнө нь бүгд найрамдахчууд ба Ардчилсан намынхны хоорондын санал зөрөлдөөн нь техникийн шинжтэй байсан, өөрөөр хэлбэл, татвар ногдуулах, буу зэвсэг эзэмших эрх гэх мэт асуудлаар байр суурийн зөрүүтэй байсан бол өнөөгийн зөрчилдөөний эх үндэс нь суурь үнэт зүйлүүдтэй холбогдож байна. Либералуудын үзэж байгаагаар, Трамп бол улс орныг нийгмийн селекцийн цаг үе рүү буцаах гэж оролдсон болой.


Дүн шинжилгээний New America төвийн судлаач Ли Друтман-ы дүгнэснээр бол, Трампын традиционалист хандлага нь “АНУ нь уг үндсээрээ бол цагаан арьстнуудын, христийн шашинт улс үндэстэн мөн” гэсэн санааг агуулдаг байна.


Харин Ардчилсан намынхан Америк орныг огт өөр байр сууринаас буюу “Америк бол шашинт бус, дэвшилтэт улс орон, олон талт байдлыг хөхиүлэн дэмждэг улс” гэдэг үүднээс харж байна. Сонгуулийн санал хураалтын дүнг газарзүйн байрлалаар нь харвал шинжээчийн энэ дүгнэлт батлагдаж байна. Уламжлал хүчтэй хадгалагдаж үлдсэн Америкийн нутгийн гүнд амьдардаг хүмүүс тэр аяараа Трампыг дэмжжээ. 


Олон жилийн өмнө Америкийн жүжигчин Лэрри Дэвид ярихдаа “Зөвшилцөл гэдэг бол хоёр тал хоёулаа сэтгэл дундуур байхыг хэлнэ” гэж байсныг олон улстөрчид өлгөн авч “аксиом” мэт иш татаж байлаа.


“Улааныхан” ба “хөхийнхэн”-ий сонгуулийн дүнд хандаж буй байдал, тэдний сэтгэл санааны байдлыг ажвал, ойрын үед зөвшилцөлд хүрэх төлөв харагдахгүй байна. Үүнд Трамп буруутай гэж үү?  


Трампыг буруутгаж буй гол шалтгаанууд


Санал хураалтын өдөр ба саналын хуудсуудыг тоолсон дараагийн өдрүүдэд нийгмийн сүлжээнүүдээр тархаж байсан нийтлэлүүдийг харвал, Америкийн сонгуулийг дэлхий даяараа ажиглан харж, америкчууд төдийгүй манай гарагийн хүн амын бараг тал хувь нь Трампад гомдолтой явдаг мэт санагдаж байлаа. Үүнээс үүдэн Трампыг буруутгаж буй зүйлүүдийн аль нь үндэслэлтэй, аль нь үндэслэлгүй вэ гэдэгт товчхон дүн шинжилгээ хийхийг оролдъё.

Арьсны өнгөөр ялгаварлах үзэл. Америкийн болон дэлхий даяарх зүүний үзэлтнүүд Трампыг “расист” гэж нэрлэдэг хэдий ч энэ удаагийн сонгуулиар түүний төлөө саналаа өгсөн янз бүрийн угсаатны бүлгүүдийн төлөөлөгчдийн тоо 2016 оныхоос илүү олон байлаа. Санал асуулгуудын дүнг харвал, Трампыг дэмжсэн Америкийн хар арьст иргэдийн тоо 8-аас 12 хувь болж өсчээ. Дүн шинжилгээний Democracy Fund байгууллагын 10 дугаар сард хийсэн судалгаагаар, 45-аас доош насны африк гаралтай америкчуудын 21 хувь нь Трампын төлөө саналаа өгөхөөр төлөвлөж байсан гэх мэт.


“Трамп африк гаралтай америкчуудын эдийн засгийн байдлыг мэдэгдэхүйц сайжруулсан боловч тэд түүний эсрэг санал өгсөн. Зарим талаар энэ нь уламжлалтай холбоотой. Мэдээж, эмэгтэйчүүдийн хувьд Трампын бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудлыг нь уучлаагүй” хэмээн Дэвид Саттер ярьж байна. Америк дахь латин америкчуудын дунд Трампыг дэмжигчдийн эзлэх тоо 32-36 хувь /эрэгтэйчүүдийн дунд/, 25-28 хувь /эмэгтэйчүүд/ болж тус тус өсчээ.  


2016 онд Б.Обамагийн үед африк гаралтай иргэд цагдаа нарын гарт амь үрэгдсэнээс үүдэн Америкийн олон хот эсэргүүцлийн жагсаалд автаж байсан. Ийм нэгэн ажиллагааны үеэр 5 цагдааг буудан хөнөөсөн Техасын хар арьст оршин суугч Мика Жонсон баривчлагдсаныхаа дараа “аль болох олон цагаан арьстныг, ялангуяа цагдаа нарыг алах зорилготой байсан” гэдгээ хэлсэн байдаг. Тэгэхээр расизмаас үүдэлтэй сөргөлдөөн, Америкийн цагдаа нарын ажлын арга барил нь зөвхөн Трампын үед хамаарах асуудал биш ээ.   


Ковид-19-ийн улмаас олон зуун мянган хүн амиа алдаж, олон сая хүн ажилгүй болсон. АНУ-д өвчилсөн ба нас барсан хүмүүсийн тоо хамгийн олон байгаа нь үнэн. Д.Трамп халдвар судлаачидтай байнга маргалдаж, эдийн засгаа аврахын тулд хөл хориог хэт яаран цуцалсан. Сонгуулийн кампанит ажлын үеэр тэрбээр эрүүл ахуй, халдвар хамгааллын хэм хэмжээг үл тоомсорлож байсныг дэлхий даяараа харсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд, цар тахлын эсрэг ямар хариу арга хэмжээ авах вэ гэдгээ нэг ч засгийн газар мэдэхгүй байсан шүү дээ. 


Хүмүүстэй харилцахдаа алмайрахаар үйлдлүүд хийсэн. Трампын харилцааны хэв маяг нь өглөө сэрэхэд сэтгэл санаа нь тун гундуу байгаа шоу бизнесийн одуудын зан авирыг заримдаа санагдуулдаг. Ярилцаж буй хүндээ хэрхэн хандаж байгаагаа Трамп нуудаггүй бөгөөд зарим үед үг хэлээ хянахгүйгээр шуудхан бүдүүлэг аашилдаг. Дэлхийн хамгийн нөлөө бүхий улсын ерөнхийлөгчийн имиж гэж ярихаа больё гэхэд, харилцааны ийм хэв маяг нь зүгээр л аюултай зүйл гэдгийг олон шинжээчид хэлж анхааруулж байв. Трамп АНУ-ыг доог тохуу болгосон гэж олон америкчууд үздэг. “Тэрбээр дэмий зүйлүүдийг олонтоо ярьдаг, зүгээр нэг улстөрч хүн шиг биеэ авч явж чадаагүй. Хэрвээ зан харилцааны хувьд арай тогтуун дөлгөөн байсан бол олон зүйлийг хожих байлаа. Гэтэл тэрбээр өөрийн үйлдлийг “аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг” гэж зөвтгөдөг. Гэхдээ олон улстөрчид худал ярьж буй үед түүний энэ зан нь олон хүнд таалагдсан” гэдгийг Саттер хэллээ.

Трампад дургүйцэх хандлага нь түүний бодлоготой бус  харин зан харилцаа, гадаад төрхтэй нь холбоотой гэж биеийн хэлэмж судалдаг мэргэжилтнүүд үздэг


Америкийг тусгаарлах бодлого. Холбоотон улсууд ба Хятадтай худалдааны дайн хийсэн, Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрээс гарсан, Дэлхийн Худалдааны байгууллага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагатай харилцаагаа муутгасан, Ираны цөмийн хэлэлцээрээс татгалзсан зэргийг үүнд хамааруулж болно. Гэтэл Трампын бодлогод сэтгэл хангалуун хүмүүс олон бий. 

 

Өмнө нь жишээлбэл, Ирак руу довтлох гэх мэтийн огцом шийдвэрүүдийг гаргаж байсан Америкийн Ерөнхийлөгч нар бий. Харин Ойрхи Дорнодод хоёр ч энхийн түүхэн гэрээг байгуулж, зэвсэгт мөргөлдөөний бүсүүд дэх Америкийн оролцоог хумисан нь Трампын амжилт яах аргагүй мөн гэж үзвээс тэрбээр тийм ч муу байгаагүй бололтой.


“Заримдаа хүмүүс таныг маш ихээр бухимдуулж, тэд зөв зүйл ярьж байна уу, үгүй юү гэдэг нь танд огт хамаагүй болдгийг анзаарсан буй заа. Трамп бол ийм гадны бухимдуулагч нөлөөний онцгой жишээ юм. Түүний нүүр царайны өнгө, үсний самналт, үйл хөдлөл, дохио зангаа нь хэчнээн олон тоглоом наргиа, элэглэлийн бай болсныг харцгаа л даа. Түүний юу ярьж байгааг бус харин хэрхэн ярьж буйг хүмүүс элэглэж байна. Одоо тэгэхээр Трампын ярьсан зүйлийн нэг хэсгээс нь Билл Клинтон иш татан ярьж байна гээд төсөөлөөд үзье л дээ. Трампын хийж байсан хамгийн дуулиант мэдэгдлийг Б.Клинтон хийлээ гэхэд, хүмүүсийн сэтгэлийг Трамп шиг хөдөлгөж чадахгүй” гэж биеийн хэлэмжийг судалдаг мэргэжилтэн Эмма Фиель ярьж байна.   


Трампын хий үзэгдэл


Зарим нэр хүндтэй сонин сэтгүүлүүдэд бичсэнээр бол, Ардчилсан намынхан Трампыг зүгээр л анзааралгүй өнгөрөөчихсөн аж.


2016 онд Трамп ялсны дараа “Энэ бол бидний буруу биш, биднийг хууран мэхэлсэн, Орос буруутай” гэхчилэн Ардчилсан намынхан өөрсдийгөө зөвтгөн тайтгаруулж байлаа. Сонирхолтой шинэ хувилбар санал болгохын оронд Ж.Байден өмнөх ерөнхийлөгч Б.Обамагийн алдар хүндийн нөмөрт тарвалзаж байсан тухай Их Британийн Guardian сонинд бичжээ.


Энэ бүхний сацуу нийгмийн хуваагдал улам бүр гүнзгийрсээр. Нийгмийн дундаж давхаргынхны орлого эрчимтэй унаж буйтай зэрэгцэн тэрбумтнуудын тоо өссөөр. Насанд хүрсэн африк гаралтай Америкийн иргэн 11 хүн бүрийн нэг нь шоронд хоригдсон, эсвэл хугацаанаас өмнө суллагдаад хяналтанд байна.


Шинжээчдийн үзэж байгаагаар, Байден нөхцөл байдлыг уг үндсээр нь өөрчилж чадахгүй, учир нь Цагаан ордонд суухын төлөөх өрсөлдөөнд тэрбээр өөрөөрөө бахархах, өрсөлдөгчтэйгээ харьцуулахад өөрийгөө илүү тогтуун тулхтай хүн хэмээн харуулах гэж хэтэрхий их хичээсэн. 


Харин америкчуудын өмнө тулгарч буй бодит асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг талаар бодох цаг хугацаа түүнд бараг байсангүй. Тухайлбал, дундаж гэр бүлийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургана гэх мэт амлалтуудыг өгсөн. Гэтэл иймэрхүү асуудлууд нь Ардчилсан намаас сонгогдож байсан ерөнхийлөгч нарын мөрийн хөтөлбөрт хэдэн арван жилийн турш байсаар ирсэн бөгөөд тэдгээрээс ганцыг нь ч шийдвэрлэж чадаагүй билээ. Тэгэхээр Трамп энэ бүхэнд огтхон ч хамаагүй юм.


Америк орон аль ч ерөнхийлөгчийн үед баруун төвийн үзэл баримтлалтай улс байсан, цаашид ч байх болно гэж Д.Саттер дүгнэлээ.   


“Трампизм” мөнхөд орших уу?


Трампыг бусдаас ялгаруулах онцлог гэвэл, олон сая хүмүүс түүнийг намын харьяаллаар бус харин хувь хүнийхээ үүднээс дэмжсэн явдал юм. Дэмжигчдийн ийм том бүлэг БНН-аас ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүсийн хэнд нь ч байгаагүй, иймээс Трамп энэ давуу байдлаа ашиглах нь лавтай.

 

“Трамп бүх зүйл дээр хувийн ашиг сонирхлоо урьтал болгодог. Хэрвээ тэрбээр хөзрүүдээ зөв хольж чадвал БНН дахь нөлөөгөө хадгалах бүрэн боломжтой” гэж Саутгемптоны их сургуулийн Нийтийн эрхзүйн тэнхимийн профессор Жейкоб Эйзлер ярилаа. Түүнчлэн Д.Трамп 2024 оны сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлнэ гэдэгт Цагаан ордны Тамгын газрын даргаар ажиллаж байсан Мик Малвейни эргэлзэхгүй байна.

Нөгөөтэйгүүр, “ялалтыг хулгайлах боломжийг бүү олго” гэсэн Трампын уриалга, санал тоолох явц зэрэгт БНН-ын элит бүлгийнхэн үндсэндээ ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа нь үнэн. Энэ бол хүчээ дахин хуваарилах, 2024 оны сонгуульд илүү найдвар тавин оролцохоор /гэхдээ Трампгүйгээр/ намын удирдлага дотроо шийдсэнийг харуулж байж магадгүй.  


Ойрын үед БНН-аас нэрээ дэвшүүлэхийн тулд Трампын өрсөлдөгчид болох Сенатын гишүүн Марко Рубио, Тед Круз, Крис Кристи нар идэвхжиж болов уу.


Байден америкчуудын мэддэг Байден биш болж өөрчлөгдөнө   


Байден өмнөх ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрүүдийг цуцалж эхэлнэ гэж түүнийг дэмжигчид хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл, Трамп өмнөх ерөнхийлөгч Обамагийн захиж хэлсэн зарим зүйлийг яасан билээ, яг л түүнтэй адил гэсэн үг. Үүнийхээ төлөө Трамп ширүүн шүүмжлэлд өртөж байсан билээ. 


Өнөөгийн нөхцөл байдалд Жо Байден өөрийг нь хүрээлж буй хүмүүсийн барьцаанд орно. Тэрбээр үргэлжид аядуу ардчилсан үзэлтэн байсан бол одоо түүнээс эрс хатуу алхмуудыг шаардах болно. Хэрвээ Байден үүнийг хийвэл тэрбээр сүүлийн 50 жилийн хугацаанд америкчуудын мэддэг байсан тэр Байден биш болно. Хэрвээ хэрэгжүүлэхгүй бол намынхантайгаа тэрсэлдэнэ.


“Бүгд найрамдахчууд Сенатад олонхи болж байгаа нь түүнд далим болж мэднэ. Учир нь, эрс шинэчлэлийг хийх боломжгүй болсноо Байден үүгээр зөвтгөн тайлбарлах ба бодол санааныхаа мухарт бол тэрбээр шинэчлэлийг хүсэхгүй байгаа гэж бодож байна” гэж Д.Саттер ярилаа. 


“Юуны өмнө, Америкийг эн тэргүүнд тавьсан Трампын худалдааны бодлогыг эргэн харахыг Байденаас хүлээх болно. Дараа нь Хятадтай хийж буй худалдаанд ногдуулсан татвар, мөн хамгийн эмзэг асуудал болох цагаачлалын бодлого гэх мэтээр үргэлжилнэ” гэж Америкийн түүхч Аллен Гельцо үзэж байна.  Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд тулгарах бэрхшээлүүд нь Байденийг популизм руу түлхэн оруулж, татварын талаар эрс хатуу арга хэмжээ авахад хүргэх нь гарцаагүй.


Гэхдээ Трамп эрээ цээргүй авирлаж байсантай харьцуулахад Байден бол тогтуун төлөв байдлын илэрхийлэл бөгөөд энэ нь одоо цагт Америкт илүү чухал байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн халуурал намжиж, либерал үзэлт олон нийт түр ч гэсэн амсхийнэ. Учир нь, хэн нэгнийг цаг үргэлж муулах нь үнэндээ бол залхаж ядармаар зүйл.  


Цагаан ордон дахь ажлаа Байден юуны түрүүнд Covid-19-тэй тэмцэх, “ногоон” төслүүд, Европтой харилцаагаа эмхлэх гэх зэрэг хурц биш асуудлуудаас эхлэх болов уу.

 

Байден эхний үед олон улсын тавцанд илүүтэй анзаарагдах байх, түүний хувьд Трампаас үлдсэн зүйлүүдийг цуцлах, дотоодын асуудлууд руу шууд  орох нь илүү хэцүү байх болно.


Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС

 

 

 

Холбоотой мэдээ