Японд оршуулгын ёслол цахим хэлбэрт шилжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-11-25 16:02:09

ТОКИО. /NHK/. Японд коронавирусний халдварын тархалтын улмаас олон хүн нэг дор цуглахад хүндрэлтэй болж байгаатай холбоотойгоор оршуулгын ёслолын үйлчилгээ үзүүлдэг зарим компани цахим үйлчилгээ санал болгож эхэлжээ.


Энэ долоо хоногт оршуулгын үйлчилгээ үзүүлдэг 200 орчим компанийн төлөөлөл Токио хотод хуралджээ. Тэдгээрийн дундаас олон компани цар тахлын үед хэрэгжүүлэх боломжтой үйлчилгээ, бүтээгдэхүүнийг танилцуулсан байна.


Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг нэгэн фирм нас барагсдын ар гэрийнхэн, найз нөхөд нь оршуулгын ёслолыг компьютер, ухаалаг гар утаснаас үзэх боломжтой үйлчилгээг бий болгожээ. Ийнхүү зайнаас оролцож буй хүмүүс зориулалтын цахим хуудсаар дамжуулан зочдын бүртгэлд гарын үсэг зурах боломжтой гэнэ.


“Хүмүүс хайртай дотны хүнийхээ дурсгалыг хүндэтгэх зайлшгүй шаардлагатай. Бидэнд оршуулгын ёслолд “ядаж” цахимаар оролцохыг хүссэн олон хүсэлт ирсэн” гэж “Life Ending Technologies” компанийн төлөөлөгч Арима Косүкэ мэдээлжээ. Тус фирм дурсгалын цахим хуудсандаа нас барагсдын гэрэл зураг, түүх зэргийг нь байршуулах боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд цар тахал дэгдээд байгааг үл харгалзан хайртай дотны хүмүүсээ дурсах боломжийг ар гэрийнхэн, найз нөхөд, хамтран ажиллагсдад нь олгохыг зорьж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ