Аймгийн ИТХ цахимаар хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-25 17:19:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар хурлын дэгт өөрчлөлт оруулж, 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан юм.

Нийт төлөөлөгчийн 50 хувь нь цахимаар хуралдаанд оролцсон. Аймгийн ИТХ түүхэндээ анх удаа цахимаар хуралдаж байгааг дарга Д.Хосбаяр нээлтийн үгэндээ тодотголоо. Тиймээс цахим хуралдаантай холбоотойгоор хурлын дэгт нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болсныг ч онцлов. Улмаар цаашид цахимаар хуралдах тохиолдолд хэрхэх талаар оруулсан хурлын ажлын албаны саналыг төлөөлөгчид бүрэн дэмжиж баталлаа.

Харин төсвийн нөхцөл байдлыг ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ариунжаргал танилцуулав. Сүхбаатар аймгийн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс буурсан. Өөрөөр хэлбэл төсвийн орлого 3,2 тэрбум төгрөгөөр тасарчээ. Энэ нь дэлхий дахиныг хамарсан цар тахлаас үүдэлтэйгээр хил хаасан, томоохон уул уурхайн компаниудын үйл ажиллагаа зогссонтой холбоотой аж. Харин Орон нутгийн хөгжлийн сангийн 12,3 тэрбум төгрөгийн батлагдсан төсөв хэвээр олгогджээ.

Улс орны хэмжээнд төсвийг тодотгож, ирэх оны төсвийг хэлэлцэх гэж буй энэ үед тодотголоо Санхүү, төрийн сангийн хэлтсээс оруулж ирж буй саналаар батлах нь зөв гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлсэн. Гэхдээ төсвийн алдагдлыг нөхөж бүрдүүлэх бүхий л талын арга хэмжээг авч ажиллах ёстой гэдгийг ч хэлсэн юм.

 

 

Холбоотой мэдээ