Ж.Байден эмч, багш нарт талархал илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-27 11:31:02

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жозеф Байден, түүний гэргий Жилл нар цар тахалтай тэмцэж буй бүх америкчуудад талархал илэрхийлжээ. АНУ-д 11 дүгээр сарын 26-нд болдог үндэсний баяр болох Талархлын өдрийг тохиолдуулан тийнхүү иргэддээ баяр хүргэсэн байна.


“Олон сая иргэдийнхээ адилаар бид энэ онд зарим уламжлалаасаа түр хугацаанд татгалзаж байгаа билээ. Харин зарим чухал уламжлалаа дагаж, талархал илэрхийлэх ёстой хүмүүсээ бид мартах учиргүй. Коронавирусний цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд тэмцэж яваа, энэ бүх хугацаанд хүч хөдөлмөрөө зарцуулсан бүх хүнд бид талархах ёстой. Олон цагаар ажиллаж, ар гэрийнхнээсээ тусгаарлагдсан эмч нарт бид талархаж байна. Алсын зайн сургалтын хэлбэрийн нөхцөл байдалд тэр даруйдаа дасан зохицож чадсан багш нартаа талархах ёстой” хэмээн Жозеф болон Жилл Байден нар цохон тэмдэглэжээ.


Түүнчлэн тэд коронавирусний цар тахалтай тэмцэхэд шаардлагатай бүхнийг судалж, вакцин бүтээхээр уйгагүй ажиллаж буй эрдэмтдэд талархал илэрхийлсэн байна.  


“Гэсэн ч энэ сайхан оронд биднийг ирээдүйн ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай болгоход итгэл үзүүлсэнд бид хамгийн их талархаж байна” хэмээн Жозеф Байден, Жилл нар онцлон тэмдэглэжээ.


АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольний шийдвэрээр Талархлын өдрийг анх 1863 онд үндэсний баяр болгон зарласан байна. АНУ-ын Конгрессын 1941 онд баталсан тогтоолын дагуу Талархлын баярыг 11 дүгээр сарын дөрөв дэх пүрэв гараг бүрт тэмдэглэхээр болжээ. 

Холбоотой мэдээ