Аймаг, сумын зорчих хөдөлгөөнийг гурав хоног чөлөөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-30 19:53:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгаас сум, сумаас аймаг, сумаас сум хоорондын хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд чөлөөлөхөөр боллоо.

Судалгаанаас харахад Арвайхээрээс бусад сум руу 58, бусад сумдаас Арвайхээр рүү 54, сумаас сум руу 14 иргэн явах хүсэлтээ ирүүлсэн байгаа тул зөвшөөрөгдсөн хяналтын цэгээр бүртгүүлэн хөдөлгөөн хийх шийдвэр гаргаад байна.

Мөн Онцгой комиссын шийдвэрээр 11 дүгээр сарын 11-нээс хойших хугацаанд айл өрхүүд 23012 толгой мал, 367507 кг махыг өвлийн хүнсэндээ бэлтгэж, хяналтын цэгээр дамжуулан хүлээж авсан. Гэвч мал нь оторт явчихсан, идшээ хийж амжаагүй, авчруулах боломжгүй айл өрхүүд үлдчихээд байгаа тул багийн даргаасаа зөвшөөрөл аваад гурав хоногийн хугацаанд идэш хоолоо зохицуулах боломжийг бүрдүүлж байна.  

Харин 12 дугаар сарын 3-наас хойш дахин хугацаа сунгахгүй, идэш хоолны асуудал ярихгүй, ямар нэг хөдөлгөөн хийхгүй гэдгийг анхааруулаад байгаа юм.

Холбоотой мэдээ