Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс:Цаасан мөнгөн тэмдэгт

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-12-02 09:40:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаад XIII зууны үед холбогдох “Цаасан мөнгөн тэмдэгт” үзмэрийг та бүхэндээ толилуулж байна.

 

Материал: модны холтос, зарим ургамлын навч Хэмжээ: урт 28, өргөн 23,5см.


Хубилай хааны зарлигаар Юань улсад гүйлгээнд гаргасан энэхүү цаасан мөнгө нь түүний хаанчлалын оны цолоор “Жи Юань” (1264-1294 он) хэмээн нэрлэгджээ.

 

Модны холтос, зарим ургамлын навч зэргийг хольж тусгай аргаар боловсруулсан цаасан дээр барласан энэхүү мөнгө нь Юань улсын мөнгөн тэмдэгтийн дотроос хамгийн өндөр номиналтай мөнгөн тэмдэгт юм. Уг мөнгөн тэмдэгтийг “2 күан” буюу “2 хэлхээ” хэмээн нэрлэнэ. Хэлхээ гэдэг нь 100 ширхэг зоосон мөнгөний хэлхээг хэлнэ. Цаасан мөнгөн дээрх 2 хэлхээ нь 200 ширхэг зоостой тэнцэх үнэлгээтэй гэсэн утгыг агуулна.

 

Мөнгөн тэмдэгт дээрх ихэнх бичээсийг хятад хэлээр бичсэн байдаг боловч тэмдэгтийн гол хэсгийн баруун, зүүн талд “Бүх нутаг дэвсгэрт гүйлгээний эрхтэй” гэсэн хятад үгийг дөрвөлжин бичгээр бичиж, их хааны сангийн тамга даржээ. Тэмдэгтийн доод хэсэгт “Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдвэл цаазаар авна. Гэмт этгээдийг мэдээлсэн хүнд 5 лан мөнгө шагнана. Энэ мөнгө нь хааны албанаас баталсан өндөр эрхтэй, бүх орон нутагт хугацаагүй гүйнэ” гэсэн хятад бичээстэй аж.

Холбоотой мэдээ