Дундговь аймгийн нийт нутгаар цастай, өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-12-02 17:48:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч, цасан бүрхүүл тогтсон, малын идэш тааруу байгаа учраас отор, нүүдэл нэмэгдэх төлөвтэй байна.

Тус аймгийн УЦУОШГ-ын мэдээлснээр өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн нийт нутгаар цастай, Гурвансайхан, Дэрэн, Говь-Угтаал суманд 6-7, бусад сумын нутагт 1-4 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. 

Тус аймгийн 1026 өрхийн 808,0 мянган толгой мал 10 аймгийн нутагт, 513 өрхийн 526,0 мянган толгой мал өөрийн аймгийн нутагт оторлож байгаа ба олон малчин Дорноговь, Говьсүмбэр аймагт өвөлжихөөр хөдөлсөн хэдий ч аймаг хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан учраас Говьсүмбэр, Дундговь аймгийн заагт бөөгнөрөл үүсэх шинжтэй байгааг ХХААГ-аас мэдээллээ. 

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос 21 аймгийн удирдлагуудтай хийсэн өнөөдрийн цахим хурлын үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Дундговь аймагт өвөлжилт хүндэрч байгаатай холбоотой 1000 тн өвс, 500 тн тэжээлийн нөөц бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх талаар хүсэлт гаргасан ба Засгийн газраас "Өвөлжилт хүндэрсэн зургаан аймгийн нэг нь Дундговь аймаг, тиймээс 200,0 сая төгрөгийн санхүүжилт шийдсэн тул холбогдох яамтайгаа холбогдож, санхүүжилтээ хурдан татан авахыг зөвлөжээ.

Аймгийн өвс, тэжээлийн нөөцөд 536,6 тн өвс, 170,0 тн тэжээл байгаа ба зарим сум өвс тэжээлийн нөөцөө хангалтгүй биелүүлсэн талаар аймгийн ЗДТГ-ын ХОХБХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир мэдээлсэн.

Цаашид ойрмогхон цас нэмж орвол байдал маш хүндэрнэ гэдгийг олон малчин хэлж байна. Өвөлжилт хүндэрч байгаа тул аймгийн Онцгой комиссоос отрын штаб байгуулах, өвс тэжээлийн нөөцөө яаралтай бүрдүүлж сумдад хүргэх зэрэг арга хэмжээ авч байгаа ажээ. 

Холбоотой мэдээ