Сунь Чуньлан: Хятад улс их хэмжээний вакцин үйлдвэрлэхэд бэлтгэх ёстой

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-12-03 15:54:30

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Сунь Чуньлан “Хятад улсын хөгжүүлж буй таван вакцин туршилтын сүүлийн шат буюу клиникийн туршилтын гуравдугаар шатандаа байна. Туршилтын явцыг нарийн чанд, хянуур үргэлжлүүлэхээс гадна вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэх бэлтгэлийг хангах ёстой” гэжээ.

            Тэрээр өчигдөр Бээжин хотод коронавирусний эсрэг вакцины судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэлийн бэлтгэл ажлын явцтай танилцсан байна. Энэ хүрээндээ Хятадын Хүнс, эмийн шалгалт судалгааны хүрээлэн, Sinovac, Sinopharm Zhong sheng компаниудын ажил байдалтай танилцсан байна.

            Түүний хэлж буйгаар, Хятад улсад одоогоор таван төрлийн арга техникээр боловсруулж буй 14 вакцин клиникийн туршилтын шатанд шилжээд байна. Эдгээрээс журам стандартын дагуу таван вакцин клиникийн гуравдугаар шатны туршилтад орж, яаралтай хэрэглээнд нэвтрүүлэх, үйлдвэрлэлтийн бэлтгэлийг хангах ажиллагааг явуулж байгаа юм.

            Сунь Чуньлан вакцин хөгжүүлэх явцдаа дотоодын болон олон улсын холбогдох журам, стандартыг ягштал баримталж, чанар, аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарч, зах зээлийн таатай орчныг бүрдүүлэх ёстойг онцолсон байна.

            Мөн тэрээр вакцин зах зээлд нийлүүлэгдсэний дараа вакцин тараах төлөвлөгөөг боловсруулж, хамрагдах хүн амын хүрээ, түүний дараалал, цаг хугацааг нарийн тогтоох, вакцинжуулалтад шаардагдах боловсон хүчнийг бэлтгэх ажлыг урьдчилан зохион байгуулах шаардлагатай байгааг анхааруулжээ. Түүнчлэн энэ ондоо багтааж боомттой холбоотой болон эрсдэлт нөхцөл байдал дээр ажиллаж буй ажилтнууд зэрэг өндөр эрсдэлтэй бүлгийг яаралтай вакцинжуулах шаардлагатай байна гэжээ.        

Холбоотой мэдээ