Хүн эрүүл байхын үндэс нь хямд чанартай хүнс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-12-08 13:07:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хүнсний бүх төрлийн будаа, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын тос, ургамлын түүхий тос,  мал амьтны өвс тэжээл, тэжээлийн үр” импортлоход Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг Засгийн газар яаралтай дэгээр хэлэлцүүлэх (2020 оны 11 дүгээр сарын 20)-ээр  УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийг  парламент  (2020 оны 12 дугаар сарын 04) хэлэлцэн баталжээ.  


Гаалийн болон НӨАТ-аас дээрх нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг чөлөөлснөөр 39 тэрбум төгрөгөөр төсвийн орлого буурах аж. Гааль, НӨАТ-аас давхар чөлөөлөгдсөн нөхцөлд 16,5 хувиар үнэ буурах  магадлалтай гэж тооцоолсон байна. Хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарч байгаа, зарим аймгийн нутагт зуншлага тааруу байснаас ган болж малын өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүйн улмаас  өвс, тэжээлийн нийлүүлэлт хомсдох, үнэ өсөх нөхцөл үүсээд байна.


Иймээс коронавируст халдвар /КОВИД-19/ буюу цар тахлын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлснөөр 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давах нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ. Уг хууль батлагдсан өдрөөс эхлэн 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжинэ.


Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдээс хамгийн олон гарсан асуулт нь “аж ахуйн нэгжүүдэд ийм хөнгөлөлт эдлүүлснээр бүх төрлийн будааны үнэ буурах уу, иргэдийн гар дээр 1 кг будаа хэдэн төгрөгөөр очих вэ” гэдэг асуулт байлаа. Коронавирусийн халдвар дотоодод гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа  энэ арга хэмжээний үр дүнд зах зээл дээр эдгээр нэр төрлийн бараа нөөцлөх, үнэ өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа гэсэн хариултыг Сангийн болон ХХААХҮ-ийн сайд нар хариулсан. Гааль, НӨАТ-ын хөнгөлөлтөд тухайн нэр төрлийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх үйл ажиллагаанд  80 орчим аж ахуйн нэгж хамрагдах урьдчилсан тооцоо гарчээ. 


Импортлох улаанбуудайны хувьд ургацын урьдчилсан балансаар 487 мянган тн-ыг хурааж авах дүн мэдээтэй байсан байна. Гэвч 10 дугаар сард нэлээд талбайн ургац цасанд даруулж, алдагдал хүлээжээ. Ийм учраас улаанбуудайн гурван сарын нөөц бүрдүүлэх шаардлагын улмаас 150 мянган тн-ыг импортлох шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарчээ. Манай улс Ковид-19 гаднаас зөөвөрлөгдөж эхэлсэн 2020 оны эхний хагас жилд гаалийн гүйцэтгэлээр хүнсний улаанбуудайг 88.6 мянган тн, бүх төрлийн хүнсний будаа 27.2 мянган тн, элсэн чихэр 27.48 мянган тн, ургамлын тос 11.6 мянган тн-ыг импортлосон байна.   


Энэ жил зарим аймгийн нутгаар хур бороо бага орж зуншлага тааруу болсон. Ийм учраас 80 орчим мянган тонн өвс, тэжээлийг импортлохоор тооцжээ. Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2020-2021 оны өвөл хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ. Энэ үнэлгээнээс үзэхэд манай улсын хэмжээнд зуншлага 2020 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд хэвийн сайн, 30 орчим хувьд дунд зэрэг, 20 хувьд муу гэсэн дүн гарчээ. 


Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.5 хувь нь 50 хүртэл хувь (бэлчээрийн нөөц), 18.1 хувь нь 51-100 (бэлчээр хүрэлцээтэй), 25.0 хувь нь 101-300 (даац 1-3 дахин хэтэрсэн), 6.1 хувь нь 301-500 (даац 3-5 дахин хэтэрсэн), 18.3 хувь нь 500-гаас их (даац олон дахин хэтэрсэн) байна.

Нийт нутгийн 50 гаруй хувьд өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 50 орчим хувьд хэтэрч гарсан нутгийн хэмжээ 18.3 хувь байна.


Бэлчээрийн ургамлын ургацыг цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээнд үндэслэн хуурайшилтын индекс ба функционал хамаарлын аргаар Монгол орны байгалийн бүс бүслүүрийг төлөөлөх станцуудаар тооцоолон гаргахад 2020 оны 8 дугаар сарын сүүлийн 10 хоногт: Ойт хээрийн бүс нутгаар 4.9-15.1 ц/га, Хээрийн бүс нутгаар 2.3-13.0 ц/га, Алтайн уулархаг нутгаар 2.5-3.6 ц/га, Говийн бүс нутгаар 0.3-1.5 ц/га буюу ихэнх нутгаар ОЖД-ийн орчим ба түүнээс бага, харин зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджаас их байх төлөвтэй байсан. Гэтэл 8 дугаар сарын сүүлчээр тус бүс нутагт их хэмжээний бороо орсноор хадлан бэлтгэл оройтжээ. Дорнод Сүхбаатар аймагт өндрийн байдал (2020-11-20)-аар 1 боодол өвс 6000-6500 төгрөгийн үнэтэй байна. Түүнийг бусад аймгууд тухайлбал Улаанбаатар хотод тээвэрлэхэд 3000-4500 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарчээ. Эдгээр нь өвс, мал, амьтны тэжээл импортолж нөөц бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг харуулсан хэмээн эдгээр хуулийн төслийг хээлэлцэх үзэл баримтлалд дурдсан байна.  


Хүн эрүүл байхын үндэс нь хямд чанартай хүнс, Монгол хүний хүнсний хэрэгцээний гол нэр төрөл нь монгол малын мах байдаг. Энэ үүднээс авч үзвэл хямд эх үүсвэрээр чанартай хүнсний бүх төрлийн будаа, улаанбуудай малын тэжээл, өвсний нөөц бүрдүүлэх эрх зүйн орчинтой болжээ.

Холбоотой мэдээ