Жасын хүрэл тогоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-12-09 20:03:26

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Матад сум, хуучнаар Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуунд Алтан – Очиртын хийд буюу Содномзавулин хийд байсан юм. 1846 онд лам Лувсан, Жамбал, Арилдий нарын санаачлагаар байгуулагдсан боловч 1937 оны 11 сарын 12-нд Засгийн газрын тушаалаар дотогшлон нүүж чадахгүй учир лам нарыг тараасан хэмээн тэмдэглэжээ. 

Энэхүү хийдийн лам нарын манз, цав хийхэд хэрэглэж байсан тусгай тогоог хожим 1966 онд музейн идэвхтэн Эрдэнэтогтох, Бадамдорж нар Матад сумаас Баян-Уул сум руу мод бэлтгэлээр явдаг байсан тэмээн жинд ачиж музейн эрхлэгч байсан Ш.Гонгорт өгснөөр Дорнод аймгийн музейн үнэт үзмэр болон хадгалагдаж байна.

Хүрэл тогоо нь 1895 онд Хөх хотод захиалгаар бүтээгдсэн. 500 литрийн багтаамжтай. Хүрэл тогооны амсрын диаметр-127см, тойрог 444см, өндөр 68см, амсраа тойрсон долгиотсон усан хээтэй, амсраас доош тойроод 12 хэсэг тус бүр дээр 9 эрдэнэ, найман тахилыг товойлгон дүрсэлсэн байхаас гадна монгол, манж, төвөд бичгээр уг тогоог бүтээсэн он, дарханы нэрийг бичжээ. 

Уг бичигт: Жанжин бэйлийн хошууны баруун цоржийн сүмийн манжны тогоо үйлдэв. Хөх эргийн Цагадан хэмээх пүүсийн дарга Өлзийт, хошууны түнш Баярт нар тогтов. Хөх хотын бага зуугийн өмнө Сан-до-ху-д суух хуучин пүүсийн Жан-ай-лоу бүтээв түмэдийн дарга халх хөвүүн Эрдэнэцогт жич: ялны занги Зургаадай, жич: урлан хөөгч Дагва, Бадаргуулт төрийн 25 он /1895/ 10 дугаар сарын сайн өдөр бүтээв” гэж бичжээ. 

Холбоотой мэдээ