Ч.Алтантуяа:Хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн мэдээлэл ирээгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, Бодлого
хэрэгжилтийн албаны дарга Ч.Алтантуяа нар цаг үеийн асуудлаар сумдын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч
нартай цахим хурал хийсэн байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед багш, ажилтнуудын анхаарч ажиллах чиглэл, теле хичээл үзэж чадахгүй байгаа малчин өрхийн болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад дэмжлэг үзүүлэх асуудлаар ярилцжээ. Мөн БШУ-ны сайдын А/162 тоот хүнсний дэмжлэг үзүүлэх тухай тушаалын дагуу хоол тэжээлийн дутагдалд орж болзошгүй эмзэг бүлгийн зорилтот өрхийн хүүхдүүдэд дотуур байр, үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хүнсний нөөцөөс эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан байдлаар багцлан олгох. Аливаа эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд нэгдэж, уриалга зөвлөмжийг эцэг эх, олон нийтэд хүргэх. Түүнчлэн байгууллагынхаа халаалт цахилгааны найдвартай байдлыг хянах, улсын болон аймгийн онцгой комиссоос өгсөн чиглэлийг баримталж ажил үүргээ хариуцлагатай биелүүлэх гээд олон чиглэлээр ярилцаж, үүрэг чиглэл өгчээ.
Мөн захирал, эрхлэгч нарт цахим хаягаар явуулж байгаа мэдээ мэдээллийг байнга авч, эргэх холбоотой ажиллахыг анхааруулсан байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд малчин өрхийн 3018 хүүхэд сургуульд, 846 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа аж. Аймгийн хэмжээнд нийт сурагчдын 92 хувь, цэцэрлэгийн хүүхдийн 79 хувь нь теле хичээлийг тогтмол үзэж байгаа гэсэн судалгаа байгаа юм. Мөн эдгээр хүүхдүүдийн дотор хүчирхийлэлд өртсөн мэдээлэл одоогоор байхгүй байгаа хэмээн аймгийн БСУГ-ын Бодлого хэрэгжилтийн албаны дарга Ч.Алтантуяа хэллээ.
Сэлэнгэ аймагт энэ жил 35 сургуульд 21183
хүүхэд сурч байгаа. Эдгээрээс 1 дүгээр ангид
2347, 12 дугаар ангид 1167 хүүхэд сурч байна.