СЭЛЭНГЭ: Хиагт хотод суралцаж буй монгол сурагчид англи хэлний олимпиадад амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-04-23 17:29:26

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгаас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй монгол сурагчид англи хэлний олимпиадад амжилттай оролцжээ.

 

Тодруулбал Хиагт мужийн англи хэлний олимпиадад 6 дугаар ангийн сурагч Т.Аниргоо тэргүүн байр, 8 дугаар ангийн сурагч Б.Энгүүн дэд байрт шалгарчээ. Ингэснээр дээрх хоёр сурагч Бүгд Найрамдах Буриад Улсын дараагийн шатны олимпиадад оролцох эрхээ авчээ.

 

Буриадын англи хэлний олимпиад нь ОХУ-ын үндэсний системийн нэг хэсэг бөгөөд 5-11 дүгээр ангийн сурагчид оролцож, нас, ангиараа ангилалд өрсөлддөг байна. Уг олимпиад нь хэлний мэдлэг, унших, бичих, сонсох чадвар, ярианы ур чадвар зэргийг цогцоор нь үнэлдэг байна.

 

Харин БНУ-ын шатны олимпиад нь тухайн бүс нутгийн хамгийн өндөр түвшний олимпиад юм. Энэхүү олимпиадаас шалгарсан шилдэг сурагчид дараагийн шатанд (Оросын хэмжээнд) өрсөлдөх боломжтой болдог байна.

 

Дээрх олимпиадад шалгарсан сурагчид ОХУ-ын нэр хүндтэй их сургуульд шууд элсэх, эсвэл нэмэлт оноо авах, олон улсын олимпиад руу гарах гарц болдог, хэлний өндөр түвшний баталгаа болдог зэрэг олон давуу талтай юм.


ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов болон аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нарын уулзалт, хамтын ажиллагааны хүрээнд өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн 30 хүүхэд Хиагт хотод суралцаж байгаа юм.


Холбоотой мэдээ