Өлгий сумын 22 өрх Ховд аймгийн Мянгад суманд отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-12-10 16:17:51

Увс /МОНЦАМЭ/. Хил залгаа Ховд аймгийн Мянгад сумын нутагт отор, нүүдэл хийн өвөлжиж байгаа Увс аймгийн Өлгий сумын 22 өрхийн 93 хүн, 10569 толгой малыг энэ жил өвөлжүүлэх боломж ямар байгаа талаар тус сумын Засаг дарга Ж.Очирбат Мянгад сумын Засаг дарга С.Лхамхүүтэй утсаар холбогдож ярилцсан байна.

Өлгий сумын 93 иргэнд өөрийн сумын иргэдийн адил эрүүл мэнд, төрийн бусад үйлчилгээг жигд хүргэхийг Ж.Очирбат дарга хүссэн байна. Тэдгээр иргэдийн дотор өндөр настан тав, 5 хүртэлх насны хүүхэд зургаа байгаа аж. Мөн тухайн малчдын өвөлжөө, хаваржаа, худаг ус, бэлчээр ашиглалт дээр анхаарч ажиллахыг хүсээд шаардлагатай тохиолдолд очиж "Нутгийн хэлэлцээр" хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Мянгад сумын Засаг дарга С.Лхамхүүгийн хувьд УОК-ын шийдвэрийг баримтлан, нутагтаа өвөлжиж байгаа өөр аймгийн малчин өрхүүдийн хүн ам, мал сүрэгт багийн дарга нараараа дамжуулан төрийн үйлчилгээг жигд хүртээн анхаарал хандуулж ажиллахаа энэ үеэр илэрхийлжээ.

 

Холбоотой мэдээ