Залуучууд биржийн арилжаанд гэрээсээ, гар утсаар оролцох болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-10 16:56:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын нөхцөлд үнэт цаасны арилжаа цахимаар явагдаж байна. Тиймээс манай улсын хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа хэвийн, арилжааны идэвх, үзүүлэлтүүд буураагүй, ямар нэг доголдол, эрсдэлгүй, тогтвортой үргэлжилж буйг Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны албанаас мэдээлж байна.

Тодруулбал, халдвараас сэргийлэх хөл хорио тогтоохоос өмнөх арилжааны үзүүлэлтийг энэ сарын эхний 7 хоногтой харьцуулахад 1.2 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Өчигдөр гэхэд Монголын Хөрөнгийн биржид 31 хувьцаат компанийн 350 мянган үнэт цаасыг 183.6 сая төгрөгөөр арилжаад байна. 


Манай улсын хөрөнгийн зах зээлийн арилжаанд олон улсын арилжааны миллимениум айти (MIT) системийг анх 2012 онд нэвтрүүлснээр энэ системд үнэт цаасны брокер диллерийн бүх компани шилжиж, онлайнаар, ажлын байрнаас буюу оффисоосоо арилжаанд оролцдог болсон юм. Мөн хөрөнгө оруулагчид болон иргэд гар утас болон компьютероор арилжаанд оролцох боломжтой болсон. Ингэснээр арилжаанд оролцогчдын 60 гаруй хувийг онлайн арилжаа эзэлж буйг Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны албанаас мэдээлж байна.


"COVID"-ийн нөхцөлд арилжаа буураагүй, 1.2 хувиар өсжээ.


Нэг үеэ бодвол, манай улсад хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц бий болон эрхзүй харьцангуй сайжирч ирсэн. Энэ таатай нөхцөлд одоо хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх явдал шаардагдаж байна. 

Мөн мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох чухал болж иржээ.


"COVID-19"-ийн хөл хорионы нөхцөл байдлын тухайд энэ цаг хугацааг ашиглан иргэд онлайнаар хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх, бага дүнтэй мөнгөөр арилжаанд оролцох хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ чиглэлээр сүүлийн үед залуучууд цахимаар дансаа нээж, мөн цахимаар арилжаанд оролцож, хувьцаа, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл авч, мэдлэгээ дээшлүүлж байгааг Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос мэдээллээ. 


Холбоотой мэдээ