Монгол Улсад 2019 онд хорт хавдрын 6045 тохиолдол шинээр бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-10 18:18:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Амбулаторид бүртгэгдсэн хавдрын тархалтын түвшин (10000 хүнд ногдох) сүүлийн 10 жилийн байдлаар 2019 онд улсын хэмжээнд 212 болж, сүүлийн 10 жилийн дунджаас 34-өөр, өмнөх оныхоос 11-ээр тус тус нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

 

Хүн амын хавдар өвчний тархалтын түвшинг насны бүлгээр, сүүлийн 10 жилийн дунджаар үзвэл бүх насанд тохиолдож байгаа хэдий ч 20-44 насанд нийт тохиолдлын 24.3 хувь, 45-аас дээш насанд 71.3 хувийг эзэлж байна.

 

Энэхүү үзүүлэлтийг насны бүлэг, хүйсээр авч үзвэл, 15-54 насанд эмэгтэйчүүд эрчүүдээс 17-338-аар их, 55-65-аас дээш насанд эрчүүд эмэгтэйчүүдээс 7-185-аар их байна.

 

Монгол Улсад хорт хавдрын өвчлөлийн түвшин 2001-2014 онд дунджаар 15.7 байсан бол 2015-2019 онд 18.8 болж, 3.1-ээр өссөн бол 2041-2045 онд 29.2 болж өсөхөөр байна.

 

Улсын хэмжээнд 2019 онд хорт хавдрын шинэ тохиолдол 6045 бүртгэгдсэн нь сүүлийн 10 жилийн дунджаас 734-өөр, өмнөх оныхоос 232-оор тус тус нэмэгджээ. Хорт хавдраар шинээр өвчлөгчдийн 51.7 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

 

2010-2019 онд нийт 54 607 хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсоны 20 200 хүн буюу 37 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна. Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин 2001-2014 оны дунджаар 5.9 байсан бол сүүлийн 5 жилийн дунджаар 7.2 болж, 1.3-аар өсч, 2041-2045 оны дунджаар 10.9 болж өсөх таамаглал гарчээ. Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин 2019 онд 6.8 болж, сүүлийн 10 жилийн дундаж, өмнөх оноос тус тус 0.1-ээр буурсан байна.

 

Элэгний хорт хавдрын өвчлөлийн түшин 2019 онд бүх бүсэд улсын дунджаас 0.6-6.4-өөр их болжээ. Энэхүү үзүүлэлт зүүн бүс үүний дотор Хэнтий аймагт хамгийн өндөр байгаа аж.

 

Холбоотой мэдээ