Д.Нарангэрэл: Түргэвчилсэн оношлуураар 100 хүнийг шинжлэхэд 3-4 нь хуурамч гарах тохиолдол бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2020-12-11 12:15:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний түргэвчилсэн оношлуурыг дэлхий дахинд өнөөдөр хамгийн өргөн ашиглаж байгаа. Гэхдээ 100 хүнд шинжилгээ хийхэд 3-4 нь хуурамч гарах тохиолдол байдгийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр хэлэв.


Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа оролцож, сэтгүүлчийн асуултад хариуллаа.


-“Амгалан” гаалийн газрын ажилтнаас коронавирус илэрлээ. Даваа гарагаас дэглэм сулруулахад энэ нөхцөл байдал нөлөөлөх үү?

А.Амбасэлмаа: “Амгалан” гаалийн газрын нэг хүний шинжилгээнд өчигдөр коронавирус илрэв. Гаалийн ажилтны ойрын харилцагч 50 хүнд шинжилгээ хийсэн. Ажил үйлчилгээтэй холбоотой 114 хүнийг тандан судалж шинжилгээ авна. Олон нийтийн хөл ихтэй гааль, хүнс, худалдааны цэгүүдэд тандалтын шинжилгээ хийж байгаа. Тандалтаар вирусийг илэрч байгаа нь чухал. Энэ хүнээс болоод Засгийн газрын шийдвэр өөрчлөгдөх эсэхийг мэдэхгүй. Бид ажлын явцаа танилцуулна. Цаашдын арга хэмжээг мэргэжлийн байгууллага, УОК шийднэ.


-Архангайн иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч хот руу нэвтрүүлж байна. ЭМЯ өмнө нь PCR шинжилгээ л найдвартай, түргэвчилсэн оношлуур баталгаагүй гэж мэдэгдэж байсан. Тэгвэл өчигдөр түргэн оношлуур 97 хувийн баталгаатай гэж мэдээлж байна. Энэ ямар учиртай вэ?

 А.Амбасэлмаа: Голомттой бүс нутгийг аймгаар нь ойлгож болохгүй. Архангайн Батцэнгэл, Дорноговь аймгийн Айраг сумыг голомттой гэнэ. Түргэвчилсэн тест өндөр мэдрэмтгий, 97-99 хувийн баталгаатай. Ганц нэг эерэг хүн гарах нь батлагдах, батлагдахгүй тохиолдол бий. Бусад улс орны жишиг ч тийм байна. Түргэвчилсэн тест хэрэггүй гэж ард иргэдийн дунд буруу ойлголт өгч, шуугиан тарихгүй байхыг хүсье. Улаанбаатарт 200 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан нь өндөр үзүүлэлт. Лабораторийн шинжилгээ  ч гэсэн 100 хувь байдаггүй.


Д.Нарангэрэл: Хурдавчилсан шинжилгээ хоёр заагтай. Эхлээд 3,4 дүгээр сард хэрэглэж байсан оношлуур хурууны өндөгнөөс цус аваад эсрэг биет үзэж байсан. Үүний мэдрэг чанар 40-60 хувь байсан. Харин одоо хэрэглэж буй оношлуур дэвшилд хүрсэн, хүний хамар, залгиураас сорьц авч шинжилдэг. Дэлхийд өргөн хэрэглэдэг, үр дүнтэй. 100 хүн шинжлэхэд 3-4 нь хуурамч гарах тохиолдол бий. 


-Вакциныг хэдэн онд гаргах төлөвлөгөө байгаа вэ?

Д.Нарангэрэл: Манай орны хувьд вакцин үйлдвэрлэдэггүй. Ялангуяа вирусний вакцин. Харин 1940 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв буюу хуучнаар Эрүүл ахуйн институтэд цагаан цэцэг өвчний вакцин үйлдвэрлэж, дэлхий дахинд цагаан цэцэг өвчнийг устгасан анхны орон болсон туршлага, түүхтэй. Одоогоор зөвхөн тодорхой хэмжээний хоргүйсэр, иммуноглобулан зэргийг үйлдвэрлэдэг. 

Холбоотой мэдээ