Монголоос бэлэглэсэн 30 мянган хонины хариуд эмнэлгийн хэрэгсэл, цай хандивлалаа

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-12-11 14:27:57

БЭЭЖИН. /Global Times/. Монгол Улсаас БНХАУ-д 30 мянган толгой хонь бэлэглэсний хариуд Хубэй мужийн засаг захиргаа талархал илэрхийлэн эмнэлгийн хэрэгсэл, цай хандивлалаа.


Хандивыг гардуулах ёслолын ажиллагааны үеэр Хубэйн засаг захиргаа “PCR” оношилгооны гурван аппарат, нуклейн хүчлийн 30 мянган оношлуур, 20 мянган шахмал ногоон цай, гурван мянган шахмал хар цайг Монголын Улсын онцгой комисст хандивлалаа гэж “Xinhua” агентлаг мэдээлжээ.


Нуклейн хүчлийн оношлууруудыг Ухань хот дахь “BGI” биотехнологийн компанид үйлдвэрлэжээ. Энэхүү оношлуур нь  Европын Холбоо, АНУ, Япон болон бусад оронд баталгаажсанаас гадна 180 гаруй оронд нийлүүлэгдэж байгаа ажээ. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн зориулалтаар хэрэглэх бүтээгдэхүүний жагсаалтад багтсан байна.


Ногоон цай, хар цай нь хөдөө орон нутагт амьдардаг хүмүүсийн хувьд өвлийн улиралд ихээхэн хэрэгцээтэй байдаг бөгөөд монголчуудын уух дуртай сүүтэй цайны гол найрлага юм. Хятадын “Weibo” нийгмийн сүлжээнд мягмар гарагт “#HubeiDonatesMongoliaInReturn” сэдэв 15 сая гаруй хандалт авчээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д энэ оны хоёрдугаар сарын сүүлээр айлчлах үеэрээ 30 мянган толгой хонь хандивлана гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрбээр БНХАУ-д “COVID-19” дэгдсэнээс хойш айлчилсан гадаадын орны анхны төрийн тэргүүн болсон юм.


Хубэй мужийн засаг захиргаа Монголоос хандивласан хонины махыг галын шугамд ажилласан эмнэлгийн ажилтнууд, уг үйлсэд гар бие оролцсон эмнэлгийн багийнхан, үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа нас барсан ажилтнуудын ар гэрийнхэнд өгөх шийдвэрийг 11 дүгээр сарын 20-нд гаргаж, 30-ны өдөр эмнэлгийн ажилтнуудад бэлэг болгон өгчээ.  

Холбоотой мэдээ