Лондонд хязгаарлалтын хамгийн хатуу арга хэмжээг авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /BBC/. “COVID-19”-өөр халдварлах тохиолдол эрс нэмэгдэж
байгаатай холбоотойгоор Засгийн газар Лондон хотод хамгийн хатуу
хязгаарлалтуудыг тогтооно гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок
мэдэгджээ.
Их Британийн өмнөд хэсэгт онцгой хурдан тархдаг байж болзошгүй коронавирусний шинэ хувилбар илэрсэн тухай тэрбээр мөн өмнө нь мэдэгдсэн юм.
“Сүүлийн долоо хоногуудад Лондон,
Кент, Эссекс, Хартфордширын зарим хэсэгт халдварт өвчин маш хурдацтай тархаж
байгаа нь ажиглагдсан. Энэ нь вирусний шинэ хувилбартай хэр холбоо хамааралтай
болохыг бид мэдэхгүй ч учир шалтгааныг үл харгалзан вакцинжуулалт явагдаж буй
энэ үед өвчнийг хяналтадаа авахын тулд шуурхай, шийдэмгий алхам авах
шаардлагатай байна” хэмээн тэрбээр хэлжээ.
Өмнө нь дунд сургуулийн сурагчдын дунд халдварын тохиолдол огцом нэмэгдэж
байсан бол одоо бүх насныханд халдвар илэрсээр байна Тийнхүү дээр дурдагдсан
бүс нутгуудад халдварын тоо долоо хоног тутамд хоёр дахин нэмэгдэж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан нийслэл Лондон хотоос гадна бусад хэд хэдэн бүс нутагт халдварт өвчний аюулын хамгийн өндөр буюу гуравдагуур түвшнийг зарлаж байна. Энэ түвшин 12 дугаар сарын 16-ны шөнө дундаас хэрэгжиж эхэлснээр кафе, зоогийн газрууд, зочид буудлууд, кинотеатрууд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй юм. Түүнчлэн зорчих хөдөлгөөн аль болох бага хийхийг оршин суугчдад зөвлөсөн байна. Харин зоогийн газар, зочид буудлын төлөөлөгчид өмнө нь анхааруулахдаа, Зул сарын баярын өмнө хатуу хязгаарлалт тогтоовол 150 мянган ажлын байрыг алдаж болзошгүй юм гэжээ.
Хязгаарлалтын хамгийн өндөр түвшний арга хэмжээ авснаар цэцэрлэг, сургууль,
спорт заалууд, үсчин, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн борлуулдаггүй
дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Олон нийтийн арга хэмжээ
явуулахыг хориглож байгаа бол спортын тэмцээн, хөлбөмбөгийн тоглолтуудыг
үзэгчгүйгээр явуулахыг зөвшөөрчээ.