Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-12-15 13:11:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүгийн хуульд заасан “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон билээ.


Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай” 106 дугаар тогтоолыг баталсан.

Уг тогтоолын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага /ШШГБ/ ялын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулж, цахим бугуйвч, программ хангамжийг турших ажил хийгдэж байна.


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Цахим хяналт, удирдлагын төв”-ийн үйл ажиллагаа, цахим бугуйвч, программ, техник хангамжийг талаар танилцуулах сургалтыг шүүгч болон холбогдох албан тушаалтнуудад цахим хэлбэрээр зохион байгуулах хүсэлтээ Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогтод /12.10/ хүргүүлжээ.


Энэхүү ял нь зардлын хувьд хорих ял оноосон этгээдэд зарцуулах зардлаас илүү бага өртөгтэй  байх тооцоо гарч байгаа юм. Мөн хэрэгт холбогдсон этгээдийн хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан заавал хорих ял оноож нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ сурч боловсрох эрхээ эдлэх, давтан гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.


Тус ялыг анх 1983 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Ази болон Европын зарим улсад 2003 оноос хойш хуульчлан туршиж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар АНУ, БНСУ, Швейцар, ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн 40 гаруй оронд тус ялыг хэрэглэж байна.

Холбоотой мэдээ